ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР АЛБАН ЁСООР БАТЛАГДЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар 2024 оны 11 сарын 05-ны өдөр Шанхай хотноо албан ёсны уулзалт хийж Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрлээ.
Ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлж, БНХАУ-ын баялаг туршлагаас суралцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилт босгох, урт, богино хугацаагаар хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар боллоо.
Айлчлалын үеэр “ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭД ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНК ХООРОНДЫН ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банкны Улс хоорондын бизнес харилцааны газрын дэд дарга Жан Тианьчин нар гарын үсэг зурав.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Энэхүү Засгийн газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа юм.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлснээр баруун бүс нутгийг эрчим хүчээр бүрэн хангаж, Алтай-Улиастай эрчим хүчний систем болон Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм. Анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт урьдчилсан судалгааг хийж, 2015 онд уг төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдаж байсан түүхтэй.
Эх сурвалж: www.news.mn