Монгол Улсын Их Хурлын 2010 оны

                   24 дүгээр тогтоолын хавсралт

     

 

"УС" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.Монгол Улсын усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал

 

Монгол орны усны нийт нөөц сүүлийн 40 жилд хийсэн судалгааны дүнгээр  608,000 сая шоо метр ба үүнд 34,600 сая шоо метр гол, мөрөн, 500,000 сая шоо метр нуур, 62,900 сая шоо метр мөнх цас, мөсөн гол, 10,800 сая шоо метр газрын доорх усны нөөц тус тус багтана. Усны нөөцийн тархалт жигд бус, чанар, найрлага нь оршин байгаа газар нутаг, байгалийн бүс, бүслүүр, агуулж байгаа чулуулгийн тогтоц, найрлагаасаа хамаарч ихээхэн өөр өөр байдаг. Гадаргын усны нөөцийн 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт буюу монгол орны нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг эзлэх талбайд бүрэлдэн бий болдог. Бүрэлдсэн нөөц нь Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савуудад хуваарилагдах ба тэдгээрт багтах 17 томоохон гол, мөрөн, тэдгээрийн цутгалуудыг тэжээж, ихэнх голууд нийлэн хөрш орнууд руу урсан гардаг онцлогтой.

 

Манай орны нийт ус ашиглалт, усны хэрэглээ жилд 500 сая шоо метр байна. Нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9.1 хувь нь булаг, шанд, гол горхиноос усаа авч хэрэглэж байна. Усны хэрэглээний түвшин нь харилцан адилгүй бөгөөд хот, суурин газрын инженерийн хангамж бүхий орон сууцанд оршин суугчид хоногт дунджаар 230-350 л, хөдөө орон нутаг болон гэр хороололд оршин суугчид дунджаар 5-10 л ус хэрэглэдэг. Ус ашиглалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд цаашид хот, суурин газрын усан хангамж, ариутгах татуургын хүртээмжийг сайжруулах, мал аж ахуйн болон газар тариалангийн тогтвортой байдлыг хангах, бэлчээр, газар тариалангийн талбайг усжуулах, хөнгөн, хүнс, уул уурхайн болон бусад үйлдвэрлэлийн салбар, сэргээгдэх эрчим хүчний салбаруудын хөгжлийг тодорхойлох үндсэн дэд бүтцийн нэг, хөгжлийн голлох хүчин зүйл болж байна.

 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ууршиц буюу усан гадаргын ууршил монгол орны хэмжээнд 2020 онд 39-66 мм, 2050 онд 50-72 мм, 2080 онд 106-193 мм тус тус нэмэгдэх, агаарын температурын нэмэгдэх явцтай уялдан мөстлийн хайлалт нэмэгдэж, 50 м зузаан мөстөл 2040 оны үед, 100 м зузаан мөстөл 2050-2060 оны үед хайлж дуусч болзошгүй байна. 2007 оны бүртгэлээр гадаргын усны тоо нийт 5121 гол, горхи бүртгэгдсэнээс 887 нь, 9340 булаг, шанд бүртгэгдсэнээс 2096 нь, 3732 нуур, тойром бүртгэгдсэнээс 1166 нь ширгэсэн дүн гарсан нь ус ашиглалт ба усны хэрэглээ харьцангуй бага боловч уур амьсгалын өөрчлөлт, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөгөөр усны горим, нөөц, чанарт өөрчлөлт орж, хомсдож байгааг илэрхийлнэ.

 

Улсын хэмжээнд ус ашиглалт, усны хэрэглээнд тавих хяналт  боловсронгуй бус, энэ талаархи эрх зүйн орчин, нэгдсэн мэдээлэл, хяналтын тогтолцоо хараахан бүрдээгүй байгаа нь ус ашиглалт, усны хэрэглээний мэдээллийг нарийвчлан гаргаж хянах, менежмент хийхэд хүндрэл учруулж байна.

1.2."Ус" үндэсний хөтөлбөр боловсруулах шаардлага, үндэслэл

 

Монгол Улс усны нөөц багавтар орны тоонд багтдаг бөгөөд байгаа багахан нөөц нь нутаг дэвсгэртээ жигд бус тархсан, хяналт, менежмент сул, эрх зүйн орчин нь төдийлөн боловсронгуй бус, ус хангамжийн түвшин доогуур, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийн хүртээмж, хүчин чадал дорой, боловсон хүчин, хүний нөөцийн хомсдолтой орны хувьд тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэх шаардлага тулгараад байна.

 

Нөгөөтэйгүүр, монгол оронд нүүрлэж байгаа уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, түүнээс үүдсэн цөлжилт идэвхжиж хүрээгээ тэлж байгаа нөхцөлд түүний сөрөг нөлөөг зөөлрүүлэх, байгалийн нөөцийг хадгалах, амьдралын хэв маяг, аж ахуй эрхлэх оновчтой хэлбэрийг тогтоох, эдийн засгийн тогтвортой өсөлт, тухтай амьдралын хэрэгцээг хангах шаардлагатай байна. Дээр дурдсан шаардлагууд усны асуудлыг улс үндэстний ирээдүйн хөгжил, дэвшилтэй нягт уялдаатайгаар шинэлэг байдлаар авч үзэх нэг үндэслэл болно.

 

Мөн Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын Монгол Улсын хөгжлийн 5 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээний Стратегийн зорилт 3-т "Усны нөөцийг бохирдол, хомсдолоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах нөхцөлийг бүрдүүлэх "Ус" үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх"-ээр заасан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах гол үндэслэл болж байна.  Хөтөлбөрийн зорилт, хэрэгжих үе шат, цаг хугацаа, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтүүдийг Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилттэй нягт уялдаатайгаар төлөвлөсөн.

 

Хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд эхний буюу эрчимтэй хөгжлийн үе 2010-2015 онд, хоёр дахь буюу тогтвортой хөгжлийн үе 2016-2021 онд хэрэгжинэ.

 

ХОЁР. "УС" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

 

2.1.Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглан улс орны хөгжлийн түлхүүр болгох, монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

 

2.2.Хөтөлбөрийн зорилгыг доорх стратегийн зорилтуудаар дамжуулан хэрэгжүүлнэ:

 

2.2.1.монгол орны усны нөөцийг хамгаалан түүний бүрэлдэн тогтох, цэвэр ариун чанараа хадгалах, байгалийн аясаар сэргэх бүхий л боломжийг хангах;

 

2.2.2.нутаг дэвсгэрийн хэмжээнд усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний байнгын, тасралтгүй, шинэ дэвшилтэт технологид суурилсан сүлжээ байгуулан ажиллуулж мэдээлэл, удирдлагын шуурхай байдлыг хангах; 

 

2.2.3.усны нөөцийн хуримтлалыг бий болгох, хүн амыг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн усаар хангаж, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн ус хангамжийг сайжруулан тогтвортой хөгжлийг тэтгэх үндсэн нөхцөл бий болгох;

2.2.4.усны нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэх, хаягдал бохир усыг эргүүлэн ашиглах, цэвэрлэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үерийн аюулаас сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үүнд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, санал санаачилгыг хууль тогтоомжийн хүрээнд дэмжих;

 

2.2.5.усны нөөц, ашиглалтын менежментийг боловсронгуй болгож ус ашиглалтын олон талт харилцааг зохицуулах  эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, боловсон хүчнийг чадавхижуулах;

 

2.2.6.усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах шинжлэх ухааны мэдээлэл, дэвшилтэт арга, технологийг уламжлалт зан үйл, ёс суртахууны хэм хэмжээгээр баяжуулан өсвөр, залуу үе, нийт иргэдэд сурталчлан түгээн дэлгэрүүлж, нийтийн үйл хэрэг болгох.

 

ГУРАВ."УС" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, АРГА ХЭМЖЭЭ

 

3.1.Монгол орны усны нөөцийг хамгаалан түүний бүрэлдэн тогтох, цэвэр ариун чанараа хадгалах, байгалийн аясаар сэргэх бүхий л боломжийг хангах зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч  хэрэгжүүлнэ:

 

Эхний үе шатанд (2010-2015 он):

 

Гол, мөрний урсац бүрэлдэх эхийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр:

 

3.1.1.монгол орны гадаргын усны нөөцийн 70 хувь бүрдэх сав газрын эхэд хамаарах хэсгийг улсын болон орон нутгийн хамгаалалтад авч ой, ургамлан нөмрөгийг нөхөн сэргээх ажлыг хийх, түймэр, хортон шавьжаас хамгаалах арга хэмжээ авах;

 

3.1.2.унах хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Алтай, Хангай, Хэнтийн нурууд, түүний салбар уулсад  газрын генератор суурилуулах;

 

Ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах чиглэлээр:

 

3.1.3.усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоож, дэглэмийг мөрдүүлэх;

 

3.1.4.ус хангамжийн эх үүсвэрийн өнөөгийн байдалд үзлэг хийж, түүний эрүүл ахуйн бүс болон тэжээгдлийн мужийг шинэчлэн тогтоож, орон нутгийн хамгаалалтад авах, мөрдөх дэглэмийг тодорхойлон хэрэгжүүлж эхлэх;

 

3.1.5.ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон тэжээгдлийн мужид явуулж байгаа болон явуулахаар төлөвлөж байгаа усны нөөц, чанар, нөхөн сэлбэлт, цэвэршилтэд сөрөг нөлөө үзүүлж байгаа үйл ажиллагааг үе шаттай зогсоох арга хэмжээг эхний ээлжинд нийслэл, цаашид аймгийн төв, сум, суурин газруудад хэрэгжүүлэх;

 

3.1.6.булаг, шандны эхийг хамгаалах ажлыг үргэлжлүүлэн хийж, жилд 140-өөс доошгүй (тухайн аймаг дахь булаг, шандны тооноос хамааран 1-8) булаг, шандны эхийг тохижуулж хамгаалах ажлыг хийх.

 

Хоёр дахь үе шатанд (2016-2021 он):

 

3.1.7.гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 80 хувьд хамаарах газрын хилийг нарийвчлан тогтоож улсын болон орон нутгийн хамгаалалтад авна. Энэ хэсэгт явагдаж байгаа болон явуулахаар төлөвлөж байгаа сөрөг нөлөө бүхий аливаа үйл ажиллагааг багасгаж, зогсоох арга хэмжээг авах;

 

3.1.8.цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээ оновчтой, үр өгөөжтэй нь тогтоогдвол Хангай, Хэнтийн нуруунд газрын генераторыг нэмж суурилуулах;

 

3.1.9.булаг, шандны эхийг тохижуулж, хамгаалах ажлыг үргэлжлүүлэх;

3.1.10.усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалттай бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлж хэвшүүлэх.

 

3.2.Нутаг дэвсгэрийн хэмжээнд усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний байнгын, тасралтгүй, шинэ дэвшилтэт технологид суурилсан сүлжээ байгуулан ажиллуулж мэдээлэл, удирдлагын шуурхай байдлыг хангах зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч  хэрэгжүүлнэ:

 

Эхний үе шатанд (2010-2015 он):

 

Усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний сүлжээг өргөжүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр:

 

3.2.1.усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний иж бүрэн хөтөлбөр боловсруулан баталж хэрэгжүүлэх;

 

3.2.2.монгол орны ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний улсын сүлжээнд техник, технологийн шинэчлэл хийж аюулт үзэгдэл болон гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг дээшлүүлэх;

 

3.2.3.газар доорх усны хяналт-шинжилгээний улсын сүлжээг шинээр байгуулж, уул уурхайн хяналтын цооногууд, нийслэл, аймгийн төвийн ус хангамжийн эх үүсвэрийн дэвсгэр талбайг хамарсан хяналт-шинжилгээний цооногуудыг өрөмдөж тоноглон улсын сүлжээнд холбох;

 

3.2.4.олон жилийн цэвдэг үргэлжилсэн тархацтай бүсэд цэвдэг судлалын өртөө байгуулж цэвдгийн хяналт-шинжилгээний сүлжээг бүрдүүлэх;

 

3.2.5.гадаргын усны хяналт-шинжилгээний сүлжээг өргөжүүлж, Алтайн нурууны нуур судлалын өртөөг Увс аймгийн Улаангом суманд, мөстөл судлалын өртөөг Баян-Өлгий аймагт  байгуулах;

 

3.2.6.гадаргын болон газар доорх усны хяналт-шинжилгээний хэмжилтийн багаж төхөөрөмжийг шинэчилж автомат хэмжигч байрлуулах, орчин үеийн холбооны системийг ашиглан мэдээлэл, өгөгдлийг шуурхай дамжуулах технологид шилжүүлэх;

 

3.2.7.усны шинжилгээний лабораторийн гүйцэтгэлийн чадварыг сайжруулж, орчин үеийн өндөр мэдрэмтгий аналитик багаж төхөөрөмжөөр тоноглон усны чанарын төлөв байдал, бохирдлын талаархи дэлгэрэнгүй мэдээллээр хэрэглэгчдийг хангах;

 

Хилийн усны харилцааг өргөжүүлж, хяналт-шинжилгээний сүлжээг байгуулах чиглэлээр:

 

3.2.8.хилийн усыг хамгаалах, зүй зохистой ашиглах, мэдээлэл солилцох талаар хөрш орнуудтай харилцан эрх тэгш, үр ашигтай хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан гэрээ хэлэлцээр байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах;

 

3.2.9.хилийн усны хяналт-шинжилгээг тогтоосон үзүүлэлтүүдээр тогтмол, горимын дагуу явуулж, холбогдох мэдээллийг төвд шуурхай дамжуулах, солилцох боломжоор хангах;

 

Усны экосистемийн хяналт-шинжилгээг бий болгох, хөгжүүлэх чиглэлээр:

 

3.2.10.томоохон голуудын сав газрын усны экосистемийн биологийн төлөв байдлын индексийг олон улсын стандартын дагуу боловсруулан гаргаж, сав газрын ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усны экосистемд үзүүлж байгаа нөлөөллийг тогтоож, хянах үзүүлэлтийг тодорхойлох;

 

3.2.11.улсын хэмжээний усны мэдээллийн сангийн бүтэц, мэдээлэл боловсруулах, дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлж, программ хангамж, үйл ажиллагааг боловсронгуй болгон орчин үеийн мэдээллийн технологийн дэвшил, ололтыг нэвтрүүлж, усны нөөц, чанар, ашиглалт, хувьсал өөрчлөлтийг нарийвчлан тогтоох  боломжтой болгох;

 

Хоёр дахь үе шатанд (2016-2021он):

 

3.2.12.гадаргын усны хяналт-шинжилгээний сүлжээг 60 харуулаар өргөжүүлж, хээрийн бүсийн нуур судлалын өртөөг Баянхонгор, Дорнод аймагт байгуулах;

 

3.2.13.хувийн хөрөнгөөр болон гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар өрөмдсөн цооногуудаас хяналт-шинжилгээний сүлжээний шалгуур, шаардлагад нийцсэн 200-гаас доошгүй хэмжилтийн цэг, цооногийг хэмжилтийн багаж төхөөрөмжөөр тоноглон, ажиллах боловсон хүчнээр хангаж улсын нэгдсэн сүлжээнд холбох; 

 

3.2.14.монгол орны гадаргын болон газар доорх усны хяналт-шинжилгээний сүлжээг байнгын, тасралтгүй мэдээлэл, удирдлагын хамгийн сүүлийн үеийн системд суурилсан сүлжээ болгон өөрчлөх;

 

3.2.15.улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд сүлжээ байгуулах ажлын хүрээнд региональ гидрогеологийн үндсэн тогтоцын онцлогт тулгуурлан 40 м хүртэл гүнтэй 150 цооног өрөмдөж тоноглон, мэдээллийг улсын усны мэдээллийн санд оруулах.

 

3.3.Усны нөөцийн хуримтлалыг бий болгох, хүн амыг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн усаар хангаж, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн ус хангамжийг сайжруулан тогтвортой хөгжлийг тэтгэх үндсэн нөхцөл бий болгох зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч  хэрэгжүүлнэ:

 

Эхний үе шатанд (2010-2015 он):

 

Усны нөөцийн хуримтлал бий болгож, ашиглах чиглэлээр:

 

3.3.1.уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн усны нөөцийг хуримтлуулах усан сан, усан цахилгаан станцыг Ховд гол, түүний цутгал голуудын сав, хойт мөсөн далайн ай сав болон мөстөл, мөсөн голын доод талд байгуулах замаар 70,000-80,000 сая шоо метр тогтонги усны нөөцийг өндөр уулын бүсэд бүрдүүлж, ашиглах зураг төслийг боловсруулах;

 

3.3.2.Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Туул, Ховд, Булган, Халх, Онон, Эг, Хархираа, Түргэн, Шишхэд, Ерөө, Хараа, Тамир, Богдын голууд дээр урсацын тохируулга хийх, усан сан байгуулах, шилжүүлэн ашиглах боломжийн талаар судалгааг хийж, боломжтой газруудад зураг төсөл зохиох, барьж байгуулах ажлуудыг эхлүүлэх;

 

Газар доорх усны эрэл хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх чиглэлээр:

 

3.3.3.хот, суурин газрын хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, сумын төвүүдийн ус хангамжийн эх үүсвэрийн эрэл, хайгуулын ажлыг хийж, эх үүсвэрүүдийг тогтоон нөөцийг тодорхойлох;

 

3.3.4.томоохон төслүүд хэрэгжих эдийн засгийн хөгжлийн бүс нутгуудад газар доорх усны эх үүсвэрийн эрэл, хайгуул явуулж, ус хангамжийн эх үүсвэрүүдийг тогтоон, нөөцийг тодорхойлох;

 

3.3.5.судлагдаагүй зарим халуун рашааны ордуудад гидрогеологийн болон бальнеологийн судалгааны ажлыг хийх;

 

3.3.6.монгол орны рашааны ордуудын гидрогеологи болон гидробиологи, бальнеологийн судалгааны ажлыг идэвхжүүлж, рашааны нэгдсэн каталоги, мэдээллийн санг бий болгох;

 

3.3.7.геотермийн судалгааг хийж газрын гүний халуун усны эрчим хүчийг ашиглах боломжийг судлах;


Усалгаатай газар тариалангийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр:

 

3.3.8.усалгаатай газар тариалангийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 25.0 сая шоо метрээс багагүй эзэлхүүнтэй усан сан байгуулж жилд 10 000 га-аас доошгүй тариалангийн талбайг усжуулах;

 

3.3.9.хуучин ашиглагдаж байсан услалтын системүүдийг шинэчлэх, сэргээн засварлах, усны системийн толгойн барилга байгууламжийг шинээр байгуулах арга хэмжээ авч, нийт 6500 га талбайг усжуулах, усыг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах системийг нэвтрүүлэх; 

 

3.3.10.усалгаатай газар тариаланг өргөжүүлэхэд шаардлагатай цас, борооны усыг хуримтлуулах хөв цөөрөм, усан санг нэмэгдүүлэх;  

 

Хот, суурины хүн амын усан хангамжийг сайжруулах чиглэлээр:

 

3.3.11.Улаанбаатар хотын ус хангамжийн шинэ эх үүсвэр, Биокомбинат, Нисэх, Яармагийн хороолол болон Эрдэнэт, Дархан, Зуунмод, Сүхбаатар, Арвайхээр хотууд, Дархан-Уул аймгийн Шарын гол, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ус хангамжийн шинэ эх үүсвэрүүдийн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах, технологийн тоног төхөөрөмжийг суурилуулах, шинэчлэх, өргөтгөх ажлыг хийж, хяналт удирдлагын нэгдсэн сүлжээг нэвтрүүлж, тоолууржуулах;

 

3.3.12.Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн орон сууцны шинэ хорооллуудын инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийг хийх;

 

3.3.13.Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гэр хороололд ус түгээх байруудыг барьж, төвлөрсөн сүлжээнд холбох замаар үйлчилгээний хүрээг нягтруулах;

 

3.3.14.орон нутгийн сум, суурин газруудын эмнэлэг, цэцэрлэг, сургууль болон нийтийн үйлчилгээний газруудын ус хангамж, ариутгах татуургын нэгдсэн болон хэсгийн системд холбох ажлыг эрчимжүүлж, жил бүр аймаг тус бүрийн 2-3 сумын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн болон нийтийн ахуйн үйлчилгээний байгууллагын ус хангамж, ариутгах татуургын системийг шинээр тавьж, шинэчилж ашиглалтад оруулах;

 

3.3.15.хилийн харуул, анги, заставын ус хангамжийн эх үүсвэрүүдийг шинэчлэн тогтоож, усны чанарыг сайжруулах арга хэмжээ авах; 

 

3.3.16.батлан хамгаалах салбарын анги, нэгтгэлийн ус хангамжийг сайжруулах, усны чанарыг дээшлүүлэх арга хэмжээг салбарын бодлого, төлөвлөлт, захиалгыг үндэслэн хэрэгжүүлэх;

 

Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр:

 

3.3.17.хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн ус хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийг усжуулах арга хэмжээг тасралтгүй явуулж, орон нутгийн засаг захиргааны байгууллага, бэлчээр ашиглагч, фермерийн аж ахуй, хөдөө аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулан жилд 800-1000 худгийг шинээр гаргаж, сэргээн засварлах;

 

3.3.18.Шивээ-Овоо, Таван толгойн нүүрсний орд болон Улаанбаатар хотод барихаар төлөвлөж байгаа дулааны цахилгаан станц, Чойр, Нялгын нүүрс боловсруулах үйлдвэр зэрэг уул уурхайн болон хөнгөн, хүнс, барилгын материалын үйлдвэрүүдийн ус хангамжийн эх үүсвэрийн эрэл, хайгуулын ажлыг тухайн төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хийх;

 

Усны эрчим хүчийг ашиглах чиглэлээр:

 

3.3.19.монгол орны гол, мөрний эрчим хүчний нөөц, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төлөвлөлт, эрчим хүчний хэрэглээний эрэлт, шаардлага, салбарын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын сургамж, туршлага, ашиглалтын үеийн хүндрэлүүдтэй уялдуулан дахин сайжруулах арга хэмжээг авах;

 

3.3.20.Чаргайтын 58 МВт, Эрдэнэбүрэнгийн 65 МВт усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг хянан үзэж, боломжтой тохиолдолд бусад усан цогцолборуудтай уялдуулж гүйцэтгэх;

 

3.3.21.уул уурхай, хүнд үйлдвэр, дулааны станц зэрэг томоохон ус хэрэглэгчид болон бүх хэрэглэгчдийн ус хэрэглээний норм, нормчлолын стандартыг орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглах, түргэн нэвтрүүлэхэд түлхэц өгөх байдлаар шинэчлэн тогтоох, мөрдөх, хяналт тавих.

 

Хоёр дахь үе шатанд (2016-2021 он):

 

Усны нөөцийн хуримтлал бий болгож ашиглах чиглэлээр:

 

3.3.22.уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн  усны нөөцийг хуримтлуулах усан сан, усан цахилгаан станцуудыг Ховд гол, түүний цутгал голуудын сав, Хойд мөсөн далайн ай сав болон мөстөл, мөсөн голын доод талд байгуулах замаар 70,000-80,000 сая шоо метр тогтонги усны нөөцийг өндөр уулын бүсэд бүрдүүлж ашиглах;

 

Газар доорх усны эрэл хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх чиглэлээр:

 

3.3.23.хүн ам төвлөрөн суурьшсан бүс нутаг, хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн эрэл, хайгуулын судалгааг улсын болон бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, эрэлт хэрэгцээ, захиалгад үндэслэн хийж, газрын доорх усны ашиглах боломжит нөөцийг тогтоох ажлыг үргэлжлүүлэх;

 

3.3.24.рашааны ордуудад гидрогеологийн судалгаа хийж рашааны ордын нөөцийг тогтоох ажлыг үргэлжлүүлэх;

 

3.3.25.геотермийн суурь судалгаа болон газрын гүний халуун усны эрчим хүчийг ашиглах боломжтой газруудад ашиглалтыг эхлүүлэх;

 

3.3.26.монгол орны нутаг дэвсгэрт хөв, цөөрөм байгуулж ашиглах боломжийн талаархи хайгуул, судалгааны үр дүн, орон нутгийн эрэлт хэрэгцээ, захиалга дээр үндэслэн 130-аас доошгүй газарт хөв, цөөрөм байгуулж ашиглах; 

 

3.3.27.говийн бүсийн нутаг дэвсгэрийн газар доорх ус хуримтлагдах геологи-гидрогеологийн тааламжтай нөхцөл бүхий бүс нутгуудад 1:100000 масштабтай гидрогеологийн эрэл, зураглалын ажлыг хийх;

 

3.3.28.Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн ус хангамжийн шинэ эх үүсвэрийн барилга байгууламж болон цэвэр усны шугам хоолойг өргөтгөх, шинэчлэх, хяналт удирдлагын компьютерийн нэгдсэн сүлжээг нэвтрүүлж тоолууржуулах ажлыг эрчимтэй хийж дуусгах;

 

3.3.29.Улаанбаатар хот болон Алтай, Чойр, Даланзадгад, Улаангом, Ховд, Хөтөл зэрэг хот, суурин газруудад цэвэр усны шугам хоолойн барилга угсралтын ажлыг хийж, өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг үргэлжлүүлэх;

3.3.30.Оюу толгойн болон Таван толгойн ордыг дагалдан баригдах хот, тосгоны ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламжийн техник, эдийн засгийн судалгаа, эхний ээлжийн барилга угсралтын ажлыг хийх;

 

3.3.31.бүлэг суурингийн төвийн ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламжийн техник, эдийн засгийн судалгааг хийх, үе шаттай хэрэгжүүлэх;

 

3.3.32.Сэлэнгэ мөрний 300 МВт, Эгийн голын 220 МВт, Орхон голын 100 МВт-ын усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлэх боломжийг судалж шийдвэрлэх.

 

3.4.Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэх, хаягдал бохир усыг эргүүлэн ашиглах, цэвэрлэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үерийн аюулаас сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үүнд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, санал санаачилгыг хууль тогтоомжийн хүрээнд дэмжих зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч  хэрэгжүүлнэ:

 

Эхний үе шатанд (2010-2015 он):

 

Хаягдал бохир усны цэвэрлэгээний түвшинг дээшлүүлэх, эргүүлэн ашиглах чиглэлээр:

 

3.4.1.аймгийн төв, томоохон хот, суурин газрын бохир ус цэвэрлэх байгууламжид техник, технологийн шинэчлэл хийж, ашиглалтыг сайжруулан стандартын шаардлагад нийцүүлэх;

 

3.4.2.усыг хамгаалах, арвижуулах, хаягдал бохир усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах санаачилгыг урамшуулах үйл ажиллагааг хэвшил болгох;

 

3.4.3.Хөвсгөл, Өгий, Увс, Хяргас, Хар ус зэрэг нуур, гол, мөрний эрэг орчмын аялал жуулчлалын бааз, нийтийн үйлчилгээний газруудад бохир усыг цуглуулах, цэвэрлэх шинэ дэвшилтэт технологи бүхий бага оврын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжуудыг нэвтрүүлэх;

 

3.4.4.хаягдал бохир усыг цэвэршүүлэх, эргүүлэн ашиглах аливаа үйл ажиллагаа, санал санаачилгыг хууль тогтоомжийн хүрээнд нэн тэргүүнд дэмжиж ажиллах;

 

3.4.5.Улаанбаатар хотын зарим хорооллын бохир ус цуглуулах коллекторыг шинээр барих, шинэ хороолол, хүн амын суурьшлын төвүүдийн коллектор салбар шугамуудыг барьж ашиглах, аймгийн төвүүдийн орон сууцны цэвэр, бохир ус, ариутгах татуургын шугам хоолойг барьж өргөтгөн шинэчлэх;

 

3.4.6.Улаанбаатар хотын Толгойтын цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлт хийж, хаягдал усыг эргүүлэн ашиглах,  стандартын шаардлагад нийцтэл цэвэршүүлэх;

 

3.4.7.Улаанбаатар хотын дүүргүүд болон аймгийн төв, суурин газруудад цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж өргөтгөн, хүчин чадлыг нэмэгдүүлэх;

 

3.4.8.ус хангамж, ариутгах татуургын тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлтийг шаардлагатай хот, суурин газруудад хийх;

 

3.4.9.ундны болон бохир усны цэвэрлэгээний хяналтын суурин болон зөөврийн лабораторийг аймгийн төвүүдэд шинээр байгуулж үйл ажиллагааг нь боловсронгуй болгох;

 

3.4.10.бохир усыг биологийн аргаар цэвэрлэх шинэ технологийг үе шаттай нэвтрүүлэх, органик болон эрдэс хорт бодисыг задлах нутгийн болон нутагшсан омгийн бичил биетэнг гаргах;

 

Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэх чиглэлээр:

 

3.4.11.томоохон барилга байгууламжийн дээврийг хур тунадасны ус цуглуулах боломжтойгоор хийх, барилга байгууламжийн зураг төсөлд хур борооны усыг хуримтлуулан авах бололцоотой байхаар өөрчлөлт оруулж, норм, дүрэмд тусгах, түүнийг ахуйн хэрэглээ болон ногоон байгууламжийн ус хангамжид ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;

 

3.4.12.шинээр төлөвлөж байгаа орон сууцны хороолол болон инженерийн хангамж бүхий барилга байгууламжийн ундны цэвэр усны шугамыг ахуйн хэрэглээний уснаас салгах, ахуйн хэрэглээний хаягдал (саарал) усыг цэвэршүүлэн бохирын систем болон ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэх инженерийн шийдлийг судлан зураг төсөлд тусган хэрэгжүүлж, үйлдвэрийн техникийн хэрэгцээнд ундны цэвэр ус ашиглах явдлыг хязгаарлах;

 

Үерийн аюулаас хамгаалах чиглэлээр:

 

3.4.13.Улаанбаатар хот, аймгийн төвүүд болон томоохон хот, суурины үерийн хамгаалалтын төлөвлөлт, ашиглалт, бүрэн бүтэн байдал, өргөтгөлийн үйл ажиллагааг хянан үзэж, шаардлагатай өөрчлөлтийг хийж боловсронгуй болгох арга хэмжээ авах.

 

Хоёр дахь үе шатанд (2016-2021 он):

 

Хаягдал бохир усны цэвэрлэгээний түвшинг дээшлүүлэх, эргүүлэн ашиглах чиглэлээр:

 

3.4.14.Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Дархан хот, Улаанбаатар хотын Багануур дүүргийн цэвэрлэх байгууламжид техник, технологийн шинэчлэлт хийж хүчин чадлыг нь нэмэгдүүлэх;

 

3.4.15.шаардлагатай зарим аймгийн төв, хот, суурин газарт бохир усны коллекторыг шинэчлэн, Улаанбаатар хотын Багануур дүүргийн бохир усны станцад өргөтгөл хийх;

 

3.4.16.ус хангамж, ариутгах татуургын тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлтийг аймгийн төвүүдэд хийх;

 

3.4.17.нийт аймгуудын төв, хотуудыг ундны болон бохир усны хяналтын системтэй болгож  үйл ажиллагааг жигдрүүлэх;

3.4.18.ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд холбогдоогүй айл өрх, албан газар болон аялал жуулчлалын баазуудад байгаль орчинд халгүй жорлон (био болон хуурай жорлон), хаягдал (саарал) усыг цэвэршүүлэн хэрэглэхэд хялбар дэвшилтэт технологийг нэвтрүүлж, тэдний өдөр тутмын хэрэглээнээс үүсэх  хаягдал бохир усны хэмжээг багасгах.

 

3.5.Усны нөөц, ашиглалтын менежментийг боловсронгуй болгож ус ашиглалтын олон талт харилцааг зохицуулах эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, боловсон хүчнийг чадавхижуулах зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

 

Эхний үе шатанд (2010-2015 он):

 

Усны нөөц, ашиглалтын менежментийг боловсронгуй болгох чиглэлээр:

 

3.5.1.аж ахуйн үйл ажиллагааны нөлөөлөл, ачаалал ихтэй голуудын сав газрын зөвлөл, захиргаадыг байгуулан ажиллуулна. Усны нөөц болон байгалийн бусад нөөцийг зохистой ашиглах, хамгаалах цогц үйл ажиллагаатай уялдуулан менежментийн цогцолбор төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх;

 

3.5.2.монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулан ус ашиглалт, хэрэглээний өндөр ачаалал бүхий голуудаас авч ашиглах усны боломжит нөөцийг тогтоож, сав газрын менежментийн төлөвлөгөөг гаргаж батлуулан хэрэгжүүлэх;

 

3.5.3.монгол орны усны нөөцийн менежмент хийх нэгдсэн аргачлал боловсруулж, сав газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулах нэгдсэн арга зүйг боловсруулж, мөрдөх;

 

Удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр:

 

3.5.4.усны салбарын үндэсний боловсон хүчний бүртгэл, судалгааг боловсронгуй болгож, хүний нөөцийн орчин үеийн менежментийг нэвтрүүлэх;

 

3.5.5.усны салбарын гадаад харилцааг өргөжүүлж, усны нөөц, ашиглалт, хамгаалалтын чиглэлээр олон улсын байгууллага, гадаад орнуудын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдийн үр өгөөжийг дээшлүүлэх, Засгийн газрын бодлого, хөтөлбөртэй уялдаа холбоог нь сайжруулах,  усны нөөцийг хамгаалах, ус хангамжийг сайжруулах, орчны бохирдлоос сэргийлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлж харилцан үр ашигтай хамтран ажиллах зарчмыг үндэслэл болгох, бүс нутаг, олон улсын хурал, чуулган, зөвлөлд аль болох өргөн хүрээнд оролцож, өөрийн орны байр суурийг илэрхийлэн хамтран ажиллах;

 

3.5.6.усны салбарын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгон орон нутагт усны албыг байгуулж, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудын чадавхийг сайжруулах;

 

3.5.7.усны нөөцийн менежментийг гардан хийх, төрийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан ажиллах төрийн өмчийн корпораци, түүний салбаруудыг төв ба орон нутагт байгуулж ажиллуулах;

Эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр:

 

3.5.8.усны талаархи холбогдох хуулиудыг багц байдлаар авч үзэж сав газрын нэгдсэн менежмент, усны салбарын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, ус ашигласны төлбөр, хураамж зэрэг усны салбарын олон талт харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох.

 

Хоёр дахь үе шатанд (2016-2021 он):

 

Усны нөөц, ашиглалтын менежментийг боловсронгуй болгох:

 

3.5.9.сав газрын нэгдсэн менежментийн зөвлөлүүдийг аж ахуйн үйл ажиллагааны ачаалал ихтэй том, дунд хэмжээний голуудад байгуулан ажиллуулна. Усны нөөцийг байгалийн бусад нөөцийг зохистой ашиглах, хамгаалах цогц үйл ажиллагаатай уялдуулан менежментийн цогцолбор төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;

 

3.5.10.сав газрын нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх иж бүрэн тогтолцоог бүрдүүлэн, үйл ажиллагааг төлөвшүүлэх;

 

3.5.11.усны нөөцийн нэгдсэн менежментийн тогтолцоог боловсронгуй болгож гандуу, хуурай бүс нутагт тохирсон усны менежментийн тогтолцоог бүрдүүлэх.

 

3.6.Усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах шинжлэх ухааны мэдээлэл, дэвшилтэт арга технологийг уламжлалт зан үйл, ёс суртахууны хэм хэмжээгээр баяжуулан өсвөр, залуу үе, нийт иргэдэд сурталчлан түгээн дэлгэрүүлж, нийтийн үйл хэрэг болгох зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч  хэрэгжүүлнэ:

 

Эхний үе шатанд (2010-2015 он):

 

3.6.1.нийслэл, аймгийн төв, сум, суурин, баг, хот айлын хэмжээнд ойр орчныхоо усны эхийг хамгаалах, цэвэр ариун байдлыг хангах, сөрөг нөлөөлөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг жилд 2 удаа зохион байгуулж хэвшүүлэх;

 

3.6.2.усыг зүй зохистой хэрэглэх, үр ашигтай ашиглах, бохирдлыг бууруулах, цэвэршүүлэх чиглэлээр дэлхий нийтэд хэрэглэж байгаа дэвшилтэт технологийг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх;

 

3.6.3.сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон бага, дунд, ахлах, их, дээд сургуулиудад экологийн боловсролыг үр дүнтэй олгох чиглэлээр сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох;

 

3.6.4.усны салбарын мэргэжлийн сургалтын хөтөлбөр, агуулга, чанар, сургалтын орчныг сайжруулах, шинээр бий болж байгаа усны мэргэжлийн ангилал, индексүүдийг тодорхойлох, их, дээд сургууль дундын усны нөөцийн нэгдсэн менежментийн магистрын сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, усны салбарын техник ажилтан, мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургалтыг эрчимжүүлэх;

 

3.6.5.монголын ард түмний усыг хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглах уламжлалт зан үйл, ёс суртахууны хэм хэмжээг орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, дэвшилтэт арга, технологиор баяжуулан өсвөр, залуу үе, нийт иргэдэд сурталчлан таниулах ажлыг усны салбарын бүх шатны байгууллага, боловсрол, соёл, урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран байнга тасралтгүй явуулах;

           

3.6.6.дэлхийн усны өдөр болон олон улс, бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа усны чиглэлийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, өөрийн орны онцлогт тохируулан зохион байгуулж, түүний үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлэх;

 

3.6.7.усны тахилгын уламжлалт зан үйлийг орчин үеийн соёл иргэншлийн нийтлэг хэм хэмжээ, хүсэл, сонирхолтой нийцүүлэн зохион байгуулж нийтийн хэвшил болгох;

 

3.6.8.усны салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шинэ шатанд гаргаж, усыг зүй зохистой ашиглах, хэмнэх, тоолууржуулах, цэвэршүүлэх дэвшилтэт технологийг судлах, нэвтрүүлэх, усны нано бүтцэд боловсруулалт хийж ус хангамж, хэрэглээ, ашиглалтын түвшин, үр өгөөжийг эрс дээшлүүлэх, усны физик, хими, биологи, эрдсийн шинж чанар болон мэдээлэл дамжуулах, хадгалах, материал орлох, шинэ материал бий болгох шинж чанаруудад хийсэн судалгаа шинжилгээний ололт, мэдлэгийг шуурхай судлан нэвтрүүлэх ажлыг эн тэргүүний чиглэл болгон хөгжүүлэх;

 

3.6.9.усны салбарын шинжлэх ухааны суурь судалгааны ажлыг уур амьсгалын өөрчлөлт, түүнээс улбаалан бий болсон дэлхий нийтийг хамарсан өөрчлөлтүүд, түүний монгол орон дахь илрэл, нөлөө, өөрчлөлтийн хандлага, түүнд дасан зохицох, сөрөг нөлөөг зөөллөх, саармагжуулах арга хэмжээг тодорхойлох, усны нөөцийн бүрэлдэн бий болох үйл ажиллагааг дэмжих, хэвээр хадгалах чиглэлд түлхүү хандуулах.

 

Хоёр дахь үе шатанд (2016-2021он):

 

3.6.10.усыг хэмнэх, бохир усыг цэвэршүүлэх, эргүүлэн ашиглах технологийн бүхий л дэвшилтэт ололтуудыг судлан үзэж өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх санал санаачилга, үйл ажиллагаанд төрийн бодлого, эрх зүйн болон эдийн засгийн дэмжлэг үзүүлэх тогтолцоог боловсронгуй болгох;

 

3.6.11.нийслэл, аймгийн төв болон томоохон хотуудад 20-50 км тойрогт, сум, суурин газруудад 10 км тойрогт, баг, хот айлд 5 км-ийн тойрогт орших гол, мөрөн, нуур, цөөрөм, булаг, шанд, уст цэгүүдийг ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлаас цэвэрлэх, голын гольдролыг нь сэргээх, тохижуулах, хамгаалах арга хэмжээг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулан жилд 2-оос доошгүй удаа (хавар 5 дугаар сарын 5, намар 10 дугаар сарын 15-нд) зохион байгуулж, түүнд иргэн бүр оролцдог болгож хэвшүүлэх;

 

3.6.12.усны салбарын шинжлэх ухааны суурь судалгааны ажлыг үргэлжлүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны нөөцийн бүрэлдэн бий болох үйл ажиллагааг дэмжих чиглэлээр амьдралд тодорхой хэлбэрээр хэрэгжүүлэх.

 

ДӨРӨВ. "УС" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЗАРЧИМ

 

4.1."Ус" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

 

4.1.1."Ус" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөлт, удирдлага, Үндэсний хөгжлийн цогц бодлого, байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглахад чиглэсэн бусад хөтөлбөрүүд, эдийн засаг, нийгэм, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй нягт уялдаатай харилцан зохицсон байдлаар хэрэгжүүлэх;

 

4.1.2."Ус" үндэсний хөтөлбөрийн зорилго, стратегийн зорилт болон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуй нэгж, байгууллага, төр, иргэний нийгмийн оролцоог дэмжиж өргөнөөр оролцох, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

 

4.1.3.монгол орны байгаль, цаг уурын онцлог, аж ахуй эрхлэх нөхцөл, хүн амын эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангасан байхад чиглэх.

 

ТАВ. "УС" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТ

 

5.1."Ус" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын гишүүн хариуцна.

 

5.2."Ус" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, салбар дундын зохицуулалтыг хийх, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Усны үндэсний хороо ажиллах ба түүнийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлнэ. Усны үндэсний хорооны дүрмийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

5.3."Ус" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан зорилт, арга хэмжээг усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох бусад талтай хамтран хэрэгжүүлж, Засгийн газар, байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бөгөөд Усны үндэсний хорооны даргад үр дүнг илтгэж байна.

 

5.4.Орон нутгийн түвшинд аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн асуудал эрхэлсэн байгууллага, нэгжүүдийн оролцогч талууд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж, үр дүнг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бөгөөд Усны үндэсний хорооны даргад тайлагнаж ажиллана.

 

5.5."Ус" үндэсний хөтөлбөрийн стратегийн зорилт, арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусган хэрэгжүүлэхээс гадна санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хөрөнгө оруулалт, хандив, тусламж, төслийн хөрөнгөөс давхардал, хийдэл, алдагдалгүй, хэмнэлт, үр ашигтай зохион байгуулах замаар хэрэгжүүлнэ.

 

5.6.Засгийн газар энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг дунд хугацааны төлөвлөлтийн үе шат бүрийн эцэст гаргаж, Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийн үе шатны нэгдсэн тайланд тусган Улсын Их Хуралд тайлагнаж байх бөгөөд шаардлагатай гэж үзвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулж зөвлөмж, чиглэл авна.

 

ЗУРГАА."УС" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ХҮРЭХ ГОЛ ҮР ДҮН

 

 "Ус" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

 

6.1.Монгол орны экосистем, хүн ардын ус хангамжийн эх үүсвэрийн аюулгүй байдлыг  хангахад онцгой ач холбогдол бүхий гадаргын урсац бүрэлдэх эх болон ус хангамжийн эх үүсвэрүүдийг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулан хамгаалан ирээдүй хойчдоо хүлээлгэж өгөх баталгаа бий болно.

 

6.2.Нийслэлийн гэр хорооллын 30 мянгаас доошгүй өрхийг төвлөрсөн шугам сүлжээнд холбож, улсын хэмжээнд жилд дунджаар 10000-аас доошгүй өрхийн орон сууцны нөхцөлийг сайжруулна.

 

6.3.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжиж, хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамж сайжирна.

 

6.4.Таван толгой, Оюу толгой, Цагаан суварга, Олон овоот зэрэг өмнөд говийн бүс дэх уул уурхай, үйлдвэрлэлийн болон дэд бүтэц, байгууламжуудын ус хангамжийн эх үүсвэрийн найдвартай байдал нэмэгдэнэ.

 

6.5.Хот, суурин газрын хүн амын 70-аас доошгүй хувь, хөдөөгийн хүн амын 60-аас доошгүй хувийг эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцсэн усаар хангана.

 

6.6.Усны нөөцийн менежментийн боловсронгуй тогтолцоо бүрдэж үйл ажиллагаа нь жигдэрнэ.

     

ДОЛОО."УС" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАХ ТОГТОЛЦОО, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР

 

7.1."Ус" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хяналт тавьж ажиллана.

 

7.2.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл "Ус" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үе шат бүрт хяналт, шинжилгээ хийж, ахиц дэвшил, үйл ажиллагааны үр дүнг үнэлэн дүгнэх ажлыг дараахь байдлаар зохион байгуулна:

 

Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэн дүгнэх үе шатууд:

 

Эхний үе шат: "Ус" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний шатны үнэлгээ хийх (Хугацаа: 2015 оны 6 дугаар сар);

 

Хоёр дахь үе шат: "Ус" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн эцсийн шатны үнэлгээ хийх (Хугацаа: 2021 оны 6 дугаар сар).

 

7.3."Ус" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээ, үнэлгээг холбогдох төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагууд, мэргэжлийн болон судалгааны байгууллага, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор нэгдсэн төлөвлөгөөний үндсэн дээр хийх бөгөөд шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

 

7.4."Ус" үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан зорилт бүрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг стратегийн зорилт тус бүрээр урьдчилан тодорхойлсон байна. Гол үндсэн шалгуур нь:

 

7.4.1.хамгаалалтад авсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн талбай, ус хангамжийн эх үүсвэрүүдийн тоо болон талбай, эхийг нь хамгаалсан булаг, шанд, усны эх үүсвэрүүдийн тоо;

 

7.4.2.олон жилийн дунджаас нэмэгдсэн хур тунадасны хэмжээ, гадаргын ба газар доорх усны хяналт-шинжилгээний цэгүүдийн нягтрал, мэдээллийн чанар, тасралтгүй байдал, тэдгээрээс авах мэдээллийн илтгэх чадварын өсөлт;

 

7.4.3.урсацын тохируулга хийгдэж бий болсон усан сангуудын тоо,  багтаамж, байгуулан ашиглаж байгаа хөв, цөөрмийн тоо, эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцсэн усаар хангагдсан хүн амын тоо, түүний өсөлт;

 

7.4.4.ариутгах татуургын хүртээмжийн өсөлт;

7.4.5.бохир ус цэвэрлэгээний түвшин, байгальд хаях бохирдуулагч бодис болон бохир усны хэмжээний бууралт;

 

7.4.6.усны эрчим хүчнээс гарган авч байгаа цахилгаан эрчим хүчний өсөлт;

 

7.4.7.усалгаатай газар тариалангийн талбай болон нэгж талбайгаас хурааж авах ургацын өсөлт;

 

7.4.8.малын усалгааны цэгийн тооны өсөлт, бэлчээр ашиглалтын сайжралт;

 

7.4.9.усны салбарын эрх зүйн орчны боловсронгуй байдал болон зөрчил, хийдэл, давхардлын бууралт;

 

7.4.10.усны салбарын боловсон хүчний хангамж, мэргэжлийн бэлтгэлийн дээшилсэн түвшин;

 

7.4.11.нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны хэмжээний бууралт (усны хэмнэлт) зэрэг байна.

 

 

 

-------оОо------