Усан цахилгаан станц (УЦС ) нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нэг хэлбэр ба эрчим хүчний үл шавхагдах нөөц юм. УЦС нь далан дээрээс урсан орж ирж буй усыг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг.
УЦС-ын ТЭЗҮ-ийн хүрээнд байгаль орчин /цаг уур, уур амьсгал, Агаар, хөрс, ус, Ургамал, амьтан/, Газрын харилцаа /Хадлан, бэлчээр, Газар тариалангийн газар, тусгай хамгаалалттай газар нутаг/, орон нутагтай харилцах /орон нутгийн иргэдийн санал бодол, ажиллах хүч, дэд бүтэц, харилцаа холбоо/, газар хөдлөл, геологийн зэрэг маш олон чиглэлийн судалгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгүүлж дүгнэлт гаргуулдаг.
УЦС-ын төслийн хүрээнд баригдах далан болон далангаас дээш шинээр үүсэх усан сангийн дагуу төлөв байдлын үнэлгээ, төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг байгаль орчны үнэлгээний мэргэжлийн компаниар гүйцэтгүүлнэ. Энэхүү үнэлгээ хийгдсэний дараа тэдгээрт заагдсан байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, арга хэмжээ, зөвлөмжийг авч хэрэгжүүлснээр байгаль орчинд хамгийн нөлөөлөл багатайгаар төслийг хэрэгжүүлэх боломжтой.
Баруун бүсэд өмнө нь дунд зэргийн хүчин чадалтай 2 УЦС баригдсан ба эдгээрээс болж байгаль орчинд ямар нэг сөрөг үр дүн гараагүй. Завхан гол дээр баригдсан Тайширын УЦС баригдахаас өмнө жилийн урсцын дундаж хэмжээ маш багассан байсан бол далан баригдсанаар далангаас доош урсцын хэмжээ тогтмолжин нэмэгдэх хандлагатай болсон. Дөргөний УЦС сүүлийн жилүүдэд горимынхаа дагуу бүрэн чадлаараа ажиллаж одоо баруун 3 аймгийн нийт эрчим хүчний хэрэглээний 22%-г хангаж байна.
- Баруун бүсийн эрчим хүчний систем дотоодын хямд эх үүсвэрээр хангагдана.
- Баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаасыг тэглэнэ.
- Баруун бүсийн эрчим хүчний систем импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарна.
- Хүлэмжийн хийг бууруулна. Жилд ойролцоогоор 756,6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий /ойролцоогоор 1,2 сая тонн/-н ялгаралтыг бурууруулж 9230 ам.долларын нүүрсхүчлийн хийг худалдах боломжтой болно.
- УЦС-ын барилгын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байраар, ашиглалтанд орсны дараа 70-100 хүн байнгын ажлын байраар хангагдана.
- Баруун бүсийн эрчим хүчний системийн дотоодын хямд эх үүсвэрээр хангаснаар үйлвэр, үйлчилгээний газрууд нэмэгдэж иргэдийн аж амьдралд ахиц гарна.
- Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгох боломжтой.
- Орон нутагт усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.
- Усан санд ихээхэн ус хуримтлагдснаар агаарын чийгшлийг нэмэгдүүлж орон нутгийн уур амьсгалд эерэг нөлөө үзүүлнэ.
- Бүс нутгийг дагасан аялал жуулчлал хөгжинө.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг ВОТ буюу Барих-ашиглах-шилжүүлэх нөхцлөөр хэрэгжүүлнэ. ВОТ гэдэг нь төслийг хэрэгжүүлэгч УЦС-ыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээний хугацаа дуусгавар болмогц гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэхийг хэлнэ. ВОТ нөхцлөөр барихад улсаас ямар ч мөнгө гарахгүй, төсөвт дарамт учруулахгүй ба хөрөнгө оруулалт, ашиглалтын бүхий л эрсдлийг хөрөнгө оруулагч өөрөө хариуцах юм.
Төсөл хэрэгжүүлэх газарт мод, бут, ургамал, загас, амьтан, археологи, палеонтологийн нарийвчилсан судалгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэнэ. Мөн орон нутаг /орон нутгийн иргэдийн санал бодол, ажиллах хүч, дэд бүтэц, харилцаа холбоо/, газрын харилцааны /Хадлан, бэлчээр, Газар тариалангийн газар, тусгай хамгаалалттай газар нутаг/ судалгааг орон нутгийн удирдлага, ард иргэдттэй хамтран хийж тэдгээрийн санал, дүгнэлтэд түшиглэж төслийг боловсруулах юм.
УЦС нь усны чанарт нөлөөлөхгүй, усны уналт урсгалыг ашиглаж ба хүрд/турбин эргүүлж эрчим хүч гаргаж авдаг. Барилгын явцад богино хугацааны өөрчлөлт орох боловч хяналт шинжилгээний ажлыг урьдчилан төлөвлөх болно. Тухайлбал, далан барих үед голын усыг хаадаггүй ба далангийн барилгын шатанд голын урсгалыг өөр талаар шилжүүлэн урсгана. Далан баригдсанаас хойш ойролцоогоор 2-3 жил нийт урсцын тодорхой хувийг урсгаж, мөн үлдсэнийг нь хуримтлуулж усан сан буюу нуур үүсгэнэ.
Урьдчилсан байдлаар Загасны тоо толгойн хувьд өөрчлөлт орохгүй бөгөөд загаснууд амьдрах боломжтой газар руу шилжих боломжтой. Харин ч усан сан үүссэнээр загасны аж ахуй эрхлэн загасны тоо толгойг нэмэгдүүлэх, загасны судалгаа, нүүдэл, амьдрах орчныг олон жил тасралтгүй судлах эерэг нөлөөтэй байна.