ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах бөгөөд их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ.
- Баруун бүсийн аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэн ногоон эрчим хүчээр 100 хувь хангагдана.
- Улсын төсвөөс баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаасыг тэглэнэ.
- Цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 330 мянган тонноор багасгана.
- Усан цахилгаан станцын барилгын угсралтын ажлын үед 800 – 1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60 – 80 хүн байнгын ажлын байраар хангагдана.
- Баруун таван аймгууд дотоодын хямд, найдвартай эх үүсвэртэй болсноор бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэж иргэдийн амьжиргаа сайжирч өрхийн орлого нэмэгдэнэ.
- Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүс бий болно.
- Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт, Мянгад сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.
- Усан сан үүссэнээр орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ.
- Усан цахилгаан станц бол хамгийн найдвартай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр юм. Нар, салхины цахилгаан станцын үйлдвэрлэл нь байгаль цаг уураас хамааралтай байдаг бол усан цахилгаан станц нь усны нөөц бүрдүүлэн хэрэгцээтэй үедээ шаардлагатай цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой байдаг.
- Усан цахилгаан станцын ашиглалтын хугацаа 60 – 100 жил байх ба ашиглалтын зардал маш бага байдгаараа онцлог юм. Шаардлагатай урсгал засвар үйлчилгээг цаг хугацаанд нь тогтмол гүйцэтгэн ажилласнаар түүнээс дээш жил ашиглагдах боломжтой.