МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь гаалийн тариф, барааны үнэ, ангилал, гарал үүслийг тодорхойлох, гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль тогтоомж

2.1.Монгол Улсын гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Гаалийн тухай, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“гаалийн тариф” гэж гаалийн татварын хувь, хэмжээг;

3.1.2.“гаалийн татвар” гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг;

3.1.3.“бусад татвар” гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд бусад хуулийн дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг;

3.1.4.“гаалийн үнэ” гэж гаалийн татвар ногдуулах, гаалийн статистикийн мэдээлэл гаргах зорилгоор энэ хуулийн дагуу тодорхойлох үнийг;

3.1.5.“барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” /цаашид “Уялдуулсан систем” гэх/ гэж зүйл, мөр, үндэсний код болон тэдгээрийн тоон код, мөн хэсэг, бүлэг, мөр, үндэсний кодын тайлбар бүхий жагсаалт, уялдуулсан системийн тайлбар дүрмийг;

3.1.6.“татвар төлөгч” гэж Монгол Улсын гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээдийг;

3.1.7.“ойролцоо хугацаа” гэж үнэлж буй импортын барааны гаалийн үнийг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөс өмнөх 90 хоногийг;

3.1.8.“гаалийн болон бусад татвар ногдуулах” гэж энэ хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу албан татвар тооцохыг;

3.1.9.“гаалийн болон бусад татвар хураах” гэж энэ хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу ногдуулсан албан татварыг гаалийн байгууллага улсын төсөвт төвлөрүүлэхийг;

3.1.10.“гаалийн болон бусад татвар төлөх” гэж энэ хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу ногдуулсан албан татварыг татвар төлөгч холбогдох татварын дансанд шилжүүлэхийг;

3.1.11.“хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа” гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.11-д заасан барааг.

3.2.Энэ хуульд хэрэглэсэн гаалийн үйл ажиллагаатай холбоотой бусад нэр томъёог Гаалийн тухай хуульд тайлбарласан утгаар ойлгоно.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Гаалийн тарифын тогтолцоо, гаалийн татвар тогтоох хэлбэр, гаалийн тарифын зөвлөл

4 дүгээр зүйл. Гаалийн тарифын тогтолцоо, тарифыг тогтоох, өөрчлөх

4.1.Монгол Улсад экспортын болон импортын барааны гаалийн тарифыг хэрэглэх бөгөөд гаалийн тарифыг тогтоохдоо барааны код, нэр төрлийг Уялдуулсан системийн дагуу заана.

4.2.Импортын барааны гаалийн тарифыг ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй тариф гэж ангилах бөгөөд ердийн тариф нэн тааламжтай тарифаас хоёр дахин их байна. Хөнгөлөлттэй тарифыг олон улсын гэрээгээр тогтооно.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.3.Экспортын барааны гаалийн тариф болон импортын барааны нэн тааламжтай тарифыг Улсын Их Хурал тогтооно.

4.4.Дор дурдсан гадаад улсаас гарал үүсэлтэй бараанд нэн тааламжтай тариф хэрэглэнэ:

4.4.1.Монгол Улсын нэгдэн орсон тариф, худалдааны талаархи олон талт гэрээний гишүүн улс;

4.4.2.энэ хуулийн 4.4.1-д зааснаас бусад олон улсын гэрээний дагуу тохиролцсон улс;

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.4.3.нэн тааламжтай тариф хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн бусад улс.

4.5.Нэн тааламжтай тариф хэрэглэх улсын жагсаалтыг Засгийн газар батална.

4.6.Энэ хуулийн 4.5-т заасан жагсаалтад ороогүй улсын гарал үүсэлтэй, эсхүл уг жагсаалтад орсон улсын гарал үүсэлтэй боловч гарал үүслийн гэрчилгээгүй бараанд ердийн тариф хэрэглэнэ.

4.7.Энэ хуулийн 4.5-д заасны дагуу баталсан жагсаалтад хамаарах улсын барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрсөн өдрөөс хойш уг барааны гарал үүслийн гэрчилгээг 45 хоногийн дотор нөхөн гаргаж өгсөн бол нэн тааламжтай тариф хэрэглэх бөгөөд энэ тохиолдолд илүү төлсөн гаалийн татварыг гаалийн байгууллага буцаан олгоно.

4.8.Гаалийн тарифыг түр хугацаагаар тогтоож болох бөгөөд ийнхүү түр хугацаагаар тогтоосон тарифыг мөрдөх хугацаа жилд 6 сараас хэтрэхээргүй байна.

4.9.Гаалийн тарифыг хилийн боомтоор тогтоож болно.

4.10.Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу импортын бараанд гаалийн хөнгөлөлттэй тариф хэрэглэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл. Гаалийн татвар тогтоох хэлбэр

5.1.Гаалийн татварыг дараахь хэлбэрээр тогтооно:

5.1.1.гаалийн үнээс хувиар;

5.1.2.барааны нэгжид мөнгөн илэрхийллээр;

5.1.3.энэ хуулийн 5.1.1, 5.1.2-т заасан хэлбэрийг дангаар, эсхүл хослуулан;

5.1.4.энэ хуулийн 5.1.1, 5.1.2-т заасан хэлбэрээс гаалийн өндөр татвартайг нь сонгоно.

6 дугаар зүйл. Гаалийн тарифын зөвлөл

6.1.Гаалийн татвар, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь, хэмжээг оновчтой тогтоох асуудлаар дүгнэлт гаргах, санал боловсруулах үүрэг бүхий гаалийн тарифын орон тооны бус зөвлөл ажиллах ба бүрэлдэхүүн, дүрмийг нь Засгийн газар батална.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан зөвлөлийн дарга нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн байх бөгөөд түүнийг Засгийн газраас томилж, чөлөөлөх ба нарийн бичгийн дарга нь орон тооных байна.

6.3.Зөвлөлийн бүрэлдэхүүнд гааль, татвар, төсөв, санхүү, гадаад худалдааны болон салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөллөөс гадна эрдэм шинжилгээ, судалгааны болон ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулна.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Гаалийн үнийг мэдүүлэх, шалгах

7 дугаар зүйл. Гаалийн үнийг тодорхойлж мэдүүлэх

7.1.Мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдах бичиг баримтыг үндэслэн гаалийн үнийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлэх ба ингэхдээ дурын, эсхүл зохиомол үнэ хэрэглэхийг хориглоно.

7.2.Мэдүүлэгч нь өөрийнхөө сонгосон гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг тодорхойлсон бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй.

7.3.Энэ хуулийн 7.2-т заасан бичиг баримт нь бодитой мэдээлэл дээр үндэслэгдсэн, тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн байвал зохино.

8 дугаар зүйл. Гаалийн үнийг шалгах

8.1.Гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргана.

8.2.Мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт нь гаалийн үнийг шалгаж, шийдвэр гаргахад хангалтгүй гэж үзвэл гаалийн байгууллага мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулан авч болно.

8.3.Гаалийн байгууллага нь дараахь тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно:

8.3.1.гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол;

8.3.2.мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн бол.

8.4.Энэ хуулийн 8.3-т заасан тохиолдолд гаалийн байгууллагын өөр аргаар тодорхойлсон үнээс гаалийн болон бусад татварыг ногдуулж, мэдүүлэгчээр төлүүлнө.

8.5.Гаалийн байгууллага энэ хуулийн 8.3-т заасны дагуу гаалийн үнийг тодорхойлсон тохиолдолд мэдүүлэгч гаалийн байгууллагад бичгээр хүсэлт тавьж, бичгээр тайлбар гаргуулан авч болно.

8.6.Мэдүүлэгч энэ хуулийн 8.3-т заасны дагуу гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гаалийн байгууллагаас уг үнийг тодорхойлсноос хойш 45 хоногийн дотор нэмэлт нотлох баримт гарган өөрийн мэдүүлсэн үнийг үнэн зөв гэдгийг нотолсон тохиолдолд гаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэн гаалийн үнийг шинээр тогтоож болно.

8.7.Гаалийн байгууллага энэ хуулийн 8.6-д заасан мэдүүлэгчээс гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзвал мэдүүлэгч нь Гаалийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

8.8.Гаалийн үнийг магадлан шалгах явцад гарсан зардлыг мэдүүлэгч хариуцна.

8.9.Гаалийн бүрдүүлэлтийн горим өөрчлөгдөхөд Монгол Улсын хилээр барааг нэвтрүүлэхэд мэдүүлэгчийн сонгосон анхны горимд байршуулсан гаалийн мэдүүлгээр тодорхойлсон үнэ өөрчлөгдөхгүй.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Импортын барааны гаалийн үнийг тодорхойлох

9 дүгээр зүйл. Гаалийн үнийг тодорхойлох арга

9.1.Импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь аргуудыг дор дурдсан дарааллын дагуу хэрэглэнэ:

9.1.1.хэлцлийн үнийн арга;

9.1.2.нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга;

9.1.3.ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга;

9.1.4.ялгаварт үнийн арга;

9.1.5.нийлбэр үнийн арга;

9.1.6.уялдуулан хэрэглэх үнийн арга.

9.2.Мэдүүлэгчийн хүсэлтээр энэ хуулийн 9.1.4, 9.1.5-д заасан аргын дарааллыг сольж хэрэглэж болно.

10 дугаар зүйл. Хэлцлийн үнийн арга

10.1.Хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ.

10.2.Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ.

10.3.Энэ хуулийн 10.1-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг нэмж тооцно:

10.3.1.тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан дараахь зардал:

10.3.1.1.тээврийн зардал, тээврийн болон экспортын бичиг баримт бүрдүүлэхэд гарсан зардал, тээврийн хэрэгсэл болон чингэлэг ашиглалтын хөлс, түрээсийн төлбөр;

10.3.1.2.тээвэрлэлтийн үед барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачих болон арчлан хамгаалахад гарсан зардал;

10.3.1.3.даатгалын хураамж.

10.3.2.тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн төлсөн буюу төлбөл зохих комиссын болон зуучлагчийн хөлс, уг бараатай хамт ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын үнэ;

10.3.3.тухайн барааг үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлохтой холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид, эсхүл үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсхүл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээний өртгийн зохих хэсэг;

10.3.4.тухайн барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас худалдагчид шууд болон шууд бус хэлбэрээр төлсөн, эсхүл төлөх оюуны өмч ашигласны төлбөр;

10.3.5.худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас олох орлогоосоо шууд болон шууд бус хэлбэрээр худалдагчид төлөх хэсэг.

10.4.Энэ хуулийн 10.1-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд орсон бөгөөд тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн, гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг хасч тооцно:

10.4.1.үйлдвэрлэлийн хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж зэрэг барааг импортолсны дараа суурилуулах, угсрах, засварлах болон техникийн туслалцаа үзүүлэх, сургалт явуулах зардал;

10.4.2.гаалийн хилээр оруулсны дараахь тээврийн зардал;

10.4.3.импортлогч орны гаалийн болон бусад татвар.

10.5.Нэг ачилтаар хэд хэдэн нэр төрлийн барааг улсын хилээр оруулж ирсэн тохиолдолд хэлцлийн үнэ дээр нэмэгдэх, эсхүл хэлцлийн үнээс хасвал зохих зардлыг бараа болгонд хуваарилахдаа нийт ачилтын цэвэр жинд тухайн барааны ногдох жинг харьцуулах ба ийнхүү жинг харьцуулан зардлыг хуваарилах боломжгүй бол эзлэхүүн, эсхүл үнийн дүнг харгалзан зардлыг хуваарилж болно.

10.6.Худалдан авагчийн тухайн барааг худалдах, хэрэглэх буюу ашиглах эрхийг Монгол Улсын хууль тогтоомжоор хязгаарласан, эсхүл худалдан борлуулах бүс нутгийг заагласан, түүнчлэн барааны үнэд үл нөлөөлөх бусад хязгаарлалт тогтоосон нь хэлцлийн үнийн аргыг хэрэглэхэд саад болохгүй.

10.7.Дараахь тохиолдолд хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглоно:

10.7.1.худалдан авагчийн худалдах, хэрэглэх буюу ашиглах эрхийг энэ хуулийн 10.6-д зааснаас өөр үндэслэлээр хязгаарласан;

10.7.2.барааг худалдах, хэрэглэх буюу ашиглах, эсхүл устгахтай холбоотой худалдан авагчийн эрхийг хязгаарласан хэлцэл хийсэн;

10.7.3.тухайн барааны үнийг тодорхойлох боломжгүй нөхцөл, болзол, шаардлагыг хэлцэлд тусгасан;

10.7.4.импортын барааг худалдсан, хэрэглэсэн буюу ашигласнаас орох орлогоос худалдагчид ногдох хэсгийг тодорхойлох боломжгүй бол;

10.7.5.мэдүүлэгч нь гаалийн үнийг тодорхойлохдоо ашигласан мэдээлэл, тооцооны үнэн зөвийг гадаад худалдааны болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох бичиг баримтаар баталгаажуулж нотлоогүй бол;

10.7.6.худалдах, худалдан авах ажиллагаа нь энэ хуулийн 10.8-д заасан харилцан хамааралтай этгээдийн хооронд хийгдсэн бөгөөд хэлцлийн үнэ нь мөн хуулийн 10.9-д заасан шалгуур үнэтэй ойролцоо биш бол.

10.8.Дараахь тохиолдолд худалдагч, худалдан авагчийг харилцан хамаарал бүхий этгээд гэж үзнэ:

10.8.1.нэг аж ахуйн нэгж, байгууллагад хамт ажилладаг бол;

10.8.2.нэг нь ажил олгогч, нөгөө нь ажилтан бол;

10.8.3.бие биенийхээ саналын эрхтэй хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг шууд буюу шууд бус хэлбэрээр эзэмшдэг бол;

10.8.4.нэг нь нөгөөдөө шууд буюу шууд бус хэлбэрээр хяналт тавьдаг бол;

10.8.5.худалдагч, худалдан авагч аль аль нь гуравдагч нэг этгээдийн шууд буюу шууд бус хяналтад байгаа бол;

10.8.6.худалдагч, худалдан авагч аль аль нь гуравдагч нэг этгээдийг шууд буюу шууд бус байдлаар хянадаг бол;

10.8.7.нэг гэр бүлийн гишүүн, эсхүл төрөл, садангийн хүмүүс бол.

10.9.Энэ хуулийн 10.8-д заасан харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн худалдааны хэлцлийн үнэ нь импортлосон барааны шинж байдал, үйлдвэрлэлийн онцлог, гаалийн хилээр нэвтрүүлж байгаа улирал, үнийн зөрүү зэрэг үзүүлэлтээр дараахь шалгуур үнэтэй ойролцоо хэмжээнд тодорхойлогдсон байвал хэлцлийн үнийн аргыг хэрэглэнэ:

10.9.1.энэ хуулийн 10.8-д заасан этгээдийн импортлосон нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны худалдааны хэлцлийн үнэ нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн худалдааны хэлцлийн үнэтэй ойролцоо бол;

10.9.2.энэ хуулийн 10.8-д заасан этгээдийн импортлосон нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны худалдааны хэлцлийн үнийг хэлцлийн үнийн аргыг хэрэглэн тодорхойлохдоо урьд нь гаалийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн гаалийн үнийг мөрдлөг болгосон.

10.10.Энэ хуулийн 10.9-д дурдсан шалгуур үнэтэй харьцуулалт хийхдээ худалдааны түвшин, барааны тоо хэмжээ, энэ хуулийн 10.3, 10.4-т заасан зардлыг тооцно.

11 дүгээр зүйл. Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга

11.1.Импортлож буй барааны гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлох боломжгүй бол гаалийн үнийг нь тодорхойлж буй бараатай нэгэн зэрэг, эсхүл энэ хуулийн 3.1.7-д заасан хугацаанд импортлосон нэг төрлийн барааны хэлцлийн үнээр тодорхойлно.

11.2.“Нэг төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай дараахь шинж тэмдгээр адил барааг ойлгоно:

11.2.1.физик шинж буюу хэмжээ хэлбэр, бэлтгэсэн болон үйлдвэрлэсэн арга, техникийн болон бусад шинж чанар;

11.2.2.чанар, барааны тэмдэг болон барааны нэр хүнд;

11.2.3.барааны гарал үүслийн улс;

11.2.4.үйлдвэрлэгч.

11.3.Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход худалдааны адил түвшинд, ойролцоо тоо хэмжээгээр импортлосон нэг төрлийн барааны хэлцлийн үнийг үндэслэнэ.

11.4.Хэрэв нэг төрлийн бараа нь энэ хуулийн 11.3-т зааснаас өөр тоо хэмжээтэй, эсхүл худалдааны өөр түвшинд импортлогдсон байвал мэдүүлэгч зөрүүг харгалзан үнийн зохих өөрчлөлт хийж, үндэслэлийг баримтаар нотолно.

11.5.Нэг төрлийн бараа гаалийн үнийг нь тодорхойлж байгаа бараанаас физик шинжээрээ ялимгүй ялгаатай байх нь нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзах үндэслэл болохгүй.

11.6.Нэг төрлийн барааны хэлцлийн үнэ нь гаалийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн үнэ байх бөгөөд уг үнэд барааг тээвэрлэх зай, ашиглах тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарах залруулга, тодотгол хийж болох бөгөөд эдгээр залруулга, тодотгол нь үндэслэлтэй, үнэн зөв болохыг нотлох бичиг баримтаар баталгаажуулна.

11.7.Энэ хуулийн 11.6-д заасан хүлээн зөвшөөрөгдсөн үнэд залруулга, тодотгол хийх шаардлагатай боловч тэдгээрийг хийх боломжгүй, эсхүл залруулга, тодотголыг баталгаажуулах бичиг баримтгүй бол нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглоно.

11.8.Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход энэ хуулийн 10.3-т заасан зардлыг тооцно.

11.9.Нэг төрлийн барааны хэд хэдэн хэлцлийн үнийг үндэслэн гаалийн үнийг тодорхойлж болохоор байвал хамгийн бага үнийг нь сонгож хэрэглэнэ.

11.10.Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход дараахь барааны үнийг хэрэглэхийг хориглоно:

11.10.1.дотоодын хэрэглээнд зориулан оруулахаас бусад горимд байршуулсан бараа;

11.10.2.Засгийн газрын болон Засгийн газрын бус зээлийн шугамаар оруулсан бараа;

11.10.3.Засгийн газрын болон Засгийн газрын бус өр төлбөрийн шугамаар оруулсан бараа;

11.10.4.хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа;

11.10.5.түрээсийн бараа;

11.10.6.гадаадын хөрөнгө оруулалтаар оруулсан бараа;

11.10.7.их засварын тоног төхөөрөмж;

11.10.8.олон улсын аялал жуулчлал, тэмцээн болон хуралд зориулсан бараа;

11.10.9.барааны сорьц, дээж, загвар;

11.10.10.үзэсгэлэнгийн бараа;

11.10.11.сурталчилгааны бараа.

12 дугаар зүйл. Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга

12.1.Импортын барааны гаалийн үнийг нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар тодорхойлох боломжгүй бол гаалийн үнийг нь тодорхойлж буй бараатай нэгэн зэрэг, эсхүл энэ хуулийн 3.1.7-д заасан хугацаанд импортлосон ижил төрлийн барааны хэлцлийн үнээр тодорхойлно.

12.2.“Ижил төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас аль алиныгаа орлож чадах барааг ойлгоно.

12.3.Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, тэмдэг, нэр хүнд, гарал үүслийн улсыг харгалзан үзнэ.

12.4.Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо худалдааны адил нөхцөлд байгаа, ойролцоо тоо хэмжээгээр импортлосон ижил төрлийн барааны хэлцлийн үнийг үндэслэнэ.

12.5.Ижил төрлийн бараа нь энэ хуулийн 12.4-т зааснаас өөр тоо хэмжээтэй, эсхүл худалдааны өөр нөхцөлд импортлогдсон байвал мэдүүлэгч нь зөрүүг харгалзан үнийн зохих өөрчлөлт хийж, үндэслэлийг баримтаар нотолно.

12.6.Ижил төрлийн импортын барааны хэлцлийн үнэ нь гаалийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн үнэ байх бөгөөд уг үнэд барааг тээвэрлэх зай, ашиглах тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарах залруулга, тодотгол хийж болох бөгөөд тэдгээр нь үндэслэлтэй, үнэн зөв болохыг нотлох бичиг баримтаар баталгаажуулна.

12.7.Энэ хуулийн 12.6-д заасан хүлээн зөвшөөрөгдсөн үнэд залруулга, тодотгол хийх шаардлагатай боловч тэдгээрийг хийх боломжгүй, эсхүл залруулга, тодотголыг баталгаажуулах бичиг баримтгүй бол ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглоно.

12.8.Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход энэ хуулийн 10.3-т заасан зардлыг тооцно.

12.9.Ижил төрлийн барааны хэд хэдэн хэлцлийн үнийг үндэслэж болохоор байвал хамгийн бага үнийг нь сонгон авч гаалийн үнийг тодорхойлно.

12.10.Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо энэ хуулийн 11.10-т заасан барааны үнийг хэрэглэхгүй.

13 дугаар зүйл. Ялгаварт үнийн арга

13.1.Гаалийн үнийг энэ хуулийн 10, 11, 12 дугаар зүйлд заасан гаалийн үнэлгээний аргаар тодорхойлох боломжгүй бол ялгаварт үнийн аргаар тодорхойлно. 

13.2.Ялгаварт үнийн аргыг тухайн импортын барааг, эсхүл түүнтэй нэг төрлийн буюу ижил төрлийн барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулж, өөрчлөлт оруулахгүйгээр дотоодын зах зээлд борлуулсан тохиолдолд хэрэглэнэ.

13.3.Импортын барааны гаалийн үнийг ялгаварт үнийн аргаар тодорхойлохдоо тухайн барааг, түүнтэй нэг төрлийн эсхүл ижил төрлийн барааг энэ хуулийн 3.1.7-д заасан хугацаанд харилцан хамааралгүй этгээдэд хамгийн их тоо хэмжээгээр худалдан борлуулсан нэгжийн үнийг суурь болгон авч санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримтыг үндэслэн дараахь зардлыг хасна:

13.3.1.адил ангилал, бүлгийн барааг Монгол Улсад худалдан борлуулах үйл ажиллагаанд төлсөн, эсхүл төлбөл зохих зардал болон цэвэр ашиг, /суутгал/ комиссын зардал;

13.3.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан тээврийн болон даатгалын зардал;

13.3.3.Монгол Улсад төлсөн гаалийн болон бусад татвар.

13.4.Энэ хуулийн 13.3.1-д заасан ”Адил ангилал, бүлгийн бараа” гэдэгт тодорхой нэг үйлдвэрийн газар, түүний салбарын хүрээнд үйлдвэрлэгдсэн бүлэг бараа хамаарна.

13.5.Ялгаварт үнийн аргаар гаалийн үнийг нь тодорхойлох бараа өөр өөр үнээр, ижил тоо хэмжээгээр борлогдсон бол хамгийн бага үнийг суурь болгон сонгоно.

13.6.Импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход түүнтэй нэг төрлийн, эсхүл ижил төрлийн, түүнчлэн өөрчлөлт оруулахгүйгээр дотоодод борлуулсан бараатай харьцуулах боломжгүй бол мэдүүлэгчийн хүсэлтээр боловсруулалт хийсэн нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны үнийг ашиглаж болно.

13.7.Боловсруулалтын явцад нэг төрлийн, эсхүл ижил төрлийн бараа нь өөрийн үндсэн шинж чанараа алдсан бол энэ хуулийн 13.6-д заасан үнийг хэрэглэхийг хориглоно.

14 дүгээр зүйл. Нийлбэр үнийн арга

14.1.Гаалийн үнийг энэ хуулийн 10, 11, 12, 13 дугаар зүйлд заасан гаалийн үнэлгээний аргаар тодорхойлох боломжгүй бол нийлбэр үнийн аргаар тодорхойлно.

14.2.Нийлбэр үнийн аргаар гаалийн үнэ тодорхойлоход дараахь үнэ, зардлыг нэмж тооцно:

14.2.1.тухайн барааг үйлдвэрлэхэд гарсан шууд зардал /материалын үнэ, хөдөлмөрийн хөлс гэх мэт/ болон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал;

14.2.2.үнийг нь тодорхойлж буй бараатай адил ангилал, бүлгийн барааны худалдаанд тусгагддаг бөгөөд тухайн барааг Монгол Улсад экспортлохтой холбоотойгоор үйлдвэрлэгчээс гарсан үйл ажиллагааны зардал болон цэвэр ашиг;

14.2.3.энэ хуулийн 10.3.1-10.3.5-д заасан зардал.

15 дугаар зүйл. Уялдуулан хэрэглэх үнийн арга

15.1.Энэ хуулийн 10-14 дүгээр зүйлд заасан аргаар импортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд уялдуулан хэрэглэх үнийн аргаар барааны гаалийн үнийг тодорхойлох бөгөөд энэ нь гаалийн үнэлгээний сүүлчийн арга мөн.

15.2.Уялдуулан хэрэглэх үнийн аргыг дараахь хоёр арга замаар хэрэгжүүлнэ:

15.2.1.гаалийн үнийг тодорхойлоход энэ хуулийн 10-14 дүгээр зүйлд заасан аргуудын шаардлага, нөхцөлийг дараахь байдлаар зөөлрүүлж хэрэглэх:

15.2.1.1.хэлцлийн үнийн аргыг хэрэглэх үед мэдүүлэгчийн гаргасан үнэ, зардлын бүрэлдэхүүн хэсэг нь бичиг баримтаар нотлогдоогүй тохиолдолд гаалийн байгууллага болон бусад импортлогч нарт байгаа адил төстэй баталгаатай мэдээллийг ашиглах, бусад зардалтай харьцуулах;

15.2.1.2.нэг төрлийн эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргын үед харьцуулах хугацааг 90 хоног, 6 сар, нэг жил, хоёр жилээр тооцох, эсхүл бараанд тавих шаардлагыг багасгах;

15.2.1.3.ялгаварт үнийн аргын үед дотоодод борлуулсан хугацааны хязгаарыг ихэсгэж тооцох, суурь үнийн сонголтод тавигдах шаардлагыг багасгах, эсхүл дотоод зах зээлд борлогдсон нэг төрлийн эсхүл ижил төрлийн бараа байхгүй бол адил ангилал, бүлгийн барааг хамруулан авч үзэх;

15.2.1.4.нийлбэр үнийн аргын үед материалын үнэ болон өртгийг өөр ижил төстэй барааны үнэ, өртөгтэй адилтган авч үзэх, гаалийн хил хүртэл тээвэрлэсэн зардлыг бусад барааны зардалтай харьцуулах байдлаар тогтоох.

15.2.2.гаалийн үнийг тодорхойлоход олон улсын худалдааны практик болон тухайн үеийн арилжааны бусад мэдээлэлд тулгуурлах худалдааны дараахь мэдээлэл, бичиг баримтыг ашиглах:

15.2.2.1.худалдагчийн үнийн жагсаалт, үнийн лавлагаа болон каталог;

15.2.2.2.статистикийн мэдээ, нийтээр хэрэглэж буй зардлын тариф;

15.2.2.3.экспортлогчийн үнийн санал, бараагаар төрөлжсөн олон улсын биржийн мэдээлэл, төрөлжсөн сонин хэвлэлийн мэдээлэл, зах зээлд зонхилох импортлогчдын гэрээ, түүний үнэ;

15.2.2.4.интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнэ;

15.2.2.5.хил залгаа улс орны Монгол Улсад экспортоор гаргаж байгаа барааны үнийн судалгаа;

15.2.2.6.гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны тухайн цаг үед бий болсон үнийн дундаж үзүүлэлт.

15.3.Уялдуулан хэрэглэх аргаар гаалийн үнийг тодорхойлоход дараахь үнийг үндэслэхийг хориглоно:

15.3.1.Монгол Улсад үйлдвэрлэсэн барааг дотоодын зах зээлд худалдан борлуулсан үнэ;

15.3.2.хоёр үнээс өндөр үнийг нь гаалийн зорилгоор сонгох систем;

15.3.3.хил орчмын худалдааны импортын барааны үнээс бусад экспортлогч орны дотоодын зах зээлийн үнэ;

15.3.4.нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны нийлбэр үнийг тодорхойлохоос бусад тохиолдолд гарсан үйлдвэрлэлийн зардал;

15.3.5.Монгол Улсаас өөр улсад экспортлосон барааны үнэ;

15.3.6.хийсвэр буюу зохиомол үнэ;

15.3.7.гаалийн доод үнэ.

15.4.Энэ хуулийн 15.2.2.2, 15.2.2.5, 15.2.2.6-д заасны дагуу тодорхойлсон үнийг гаалийн байгууллага Уялдуулсан системийн код, тодорхойлолтын хамт нийтэд зориулан сүлжээнд байршуулж, улирлаар тодотгол хийнэ.

 


ТАВДУГААР БҮЛЭГ
Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох

16 дугаар зүйл. Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох арга

16.1.Экспортын барааны гаалийн үнэ нь Монгол Улсын хилийн өртөө хүртэл бараа нийлүүлэх нөхцөлөөр тодорхойлогдоно.

16.2.Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь аргыг дор дурдсан дарааллын дагуу хэрэглэнэ:

16.2.1.хэлцлийн үнийн арга;

16.2.2.зардлаас тооцох үнийн арга;

16.2.3.нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга;

16.2.4.зах зээлийн мэдээлэл, судалгааны арга.

17 дугаар зүйл. Хэлцлийн үнийн арга

17.1.Хэлцийн үнийн аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход хэлцлийн үнэд Монгол Улсын хил хүртэл уг барааг хүргэхэд барааны дараахь зардал, төлбөр ороогүй бол нэмж тооцно:

17.1.1.тээврийн зардал;

17.1.2.тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой тээврийн болон экспортын бичиг баримт, бүрдүүлэлтийн хураамж, даатгалын шимтгэл, түүнчлэн барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачихад гарсан зардал.

17.2.Дараахь тохиолдолд экспортын барааны үнэлгээнд хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглоно:

17.2.1.хэлцэл нь гаалийн үнийг тодорхойлох боломжгүй нөхцөлөөр хийгдсэн бол;

17.2.2.худалдагч болон худалдан авагч нь харилцан хамаарал бүхий этгээдүүд бөгөөд энэ хамаарал нь хэлцлийн үнэд мэдэгдэхүйц нөлөөлсөн бол.

17.3.Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн хэлцэл үнэд нөлөөлсөн гэдгийг энэ хуулийн 10.7.6-д заасны дагуу ойлгоно.

18 дугаар зүйл. Зардлаас тооцох үнийн арга

18.1.Энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд зардлаас тооцох үнийн аргыг хэрэглэнэ.

18.2.Зардлаас тооцох үнийн аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо Монгол Улсын нутаг дэвсгэрт орших үйлдвэр, экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн бодит бичиг баримт, мэдээлэлд тулгуурлаж нэгж үнийг тодорхойлно.

18.3.Энэ хуулийн 18.1-д заасан аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо тухайн барааны нэгжид шууд болон шууд бус байдлаар шингэсэн дараахь зардал, үнийг нэмж тооцно:

18.3.1.үнийг нь тодорхойлж буй барааг үйлдвэрлэхтэй холбогдсон дараахь зардал:

18.3.1.1.үйлдвэрлэгчээс тухайн бараанд бүрэлдэхүүн хэсэг болгон хэрэглэсэн түүхий эд, үндсэн болон туслах материалын үнэ;

18.3.1.2.барааг үйлдвэрлэхтэй холбогдон гарах шууд болон шууд бус үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардал;

18.3.1.3.үйл ажиллагааны болон удирдлагын зардлын тухайн бараанд ногдох хэсэг;

18.3.1.4.цахилгаан, дулаан, уур ус, холбоо, түрээсийн зардлын тухайн бараанд ногдох хэсэг;

18.3.1.5.үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн элэгдлийн тухайн бараанд ногдох хэсэг;

18.3.1.6.тухайн бараанд ногдох татвар.

18.3.2.тухайн барааг Монгол Улсын хил хүртэл тээвэрлэх, ачих буулгах, хадгалах, шилжүүлэн ачих зардал, тэдгээртэй холбоотой даатгалын шимтгэл;

18.3.3.тухайн барааг үйлдвэрлэснээс болон экспортлосноос олсон ашиг.

18.4.Энэ хуулийн 18.3-т заасан зардал, үнэ, татвар, ашгийг давхардуулан тооцохгүй.

18.5.Энэ хуулийн 18.3-т заасан зардал, төлбөр, ашиг нь статистикийн болон татварын байгууллагад бүртгэгдсэн тухайн салбарын аж ахуйн нэгжийн дундаж үзүүлэлттэй ойролцоогүй, их зөрүүтэй бол зардлаас тооцох үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохыг хориглоно.

19 дүгээр зүйл. Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга

19.1.Энэ хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй бол нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэнэ.

19.2.Экспортын барааны гаалийн үнийг нэг, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар тодорхойлохдоо тухайн үед буюу ойролцоо хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийж Монгол Улсаас экспортлосон нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийг ашиглана.

19.3.Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн бараа гэдгийг энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан утгаар ойлгоно.

19.4.Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дараахь үзүүлэлтийг харгалзан үзнэ:

19.4.1.харьцуулан жиших барааны үнэ нь тухайн, эсхүл өөр бусад аж ахуйн нэгж, байгууллагын хэлцлийн үнэ байх;

19.4.2.харьцуулан жиших бараа нь үнэлж байгаа бараатай нэгэн зэрэг, эсхүл 60-аас дээшгүй хоногийн дотор экспортлогдсон байх.

19.3.Энэ хуулийн 19.4.2-т заасан хугацаанд харьцуулан жиших хэд хэдэн хэлцлийн үнэ байвал олон тохиолдсон үнийг сонгоно.

20 дугаар зүйл. Зах зээлийн мэдээлэл, судалгааны үнийн арга

20.1.Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох сүүлчийн арга нь зах зээлийн мэдээлэл, судалгааны үнийн арга болно.

20.2.Зах зээлийн мэдээлэл, судалгааны аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо олон улсын худалдааны практик, тухайн үеийн дэлхийн зах зээлийн үнийн дараахь мэдээлэл, судалгааг үндэслэнэ:

20.2.1.экспортлогчийн нийтэд зориулан тараасан үнийн жагсаалт, лавлагаа, интернетийн мэдээлэл;

20.2.2.гадаад худалдааны болон гаалийн статистикийн мэдээ зэрэг олон нийтэд зориулсан мэдээ, мэдээлэл;

20.2.3.барааны төрөлжсөн биржийн мэдээлэл, төрөлжсөн сонин хэвлэлийн мэдээлэл, зах зээлд зонхилох экспортлогчдын гэрээ, түүний үнэ.

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Барааны ангилал

21 дүгээр зүйл. Уялдуулсан систем

21.1.Барааг гаалийн тарифын болон тарифын бус хязгаарлалтад хамааруулах, түүнчлэн гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээг эрхлэн гаргах зорилгоор Уялдуулсан системийг хэрэглэнэ.

21.2.Барааг тодорхойлох, кодлох Уялдуулсан системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт, үндэсний кодыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

22 дугаар зүйл. Барааг ангилах

22.1.Мэдүүлэгч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ангиллын кодыг Уялдуулсан системийн дагуу тодорхойлж мэдүүлнэ.

22.2.Гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон барааны ангиллын кодыг гаалийн мэдүүлэг болон барааг шалгах үед хянаж шийдвэрлэнэ.

22.3.Барааны ангилалын талаар гаалийн байгууллагаас гаргасан шийдвэрийг мэдүүлэгч дагаж мөрдөх бөгөөд эс зөвшөөрвөл Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

23 дугаар зүйл. Барааны ангиллыг урьдчилан тодорхойлох

23.1.Гаалийн байгууллага мэдүүлэгчийн хүсэлтээр тодорхой барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлж болно.

23.2.Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

24 дүгээр зүйл. Барааны ангиллыг урьдчилан тодорхойлуулах тухай хүсэлт гаргах

24.1.Мэдүүлэгч нь барааны ангиллыг урьдчилан тодорхойлуулах тухай хүсэлтэд барааны загвар, дээж, тодорхойлолт, гэрэл зураг, бүдүүвч зураг, худалдааны болон техникийн бичиг баримтыг хавсаргана.

24.2.Мэдүүлэгчээс энэ хуулийн 24.1-д заасны дагуу ирүүлсэн бичиг баримт хангалтгүй тохиолдолд гаалийн байгууллага тэдгээрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэмэлт материал, мэдээлэл ирүүлэх тухай мэдүүлэгчид мэдэгдэнэ.

24.3.Мэдүүлэгч нь энэ хуулийн 24.2-т заасан нэмэлт бичиг баримт, мэдээллийг 30 хоногийн дотор гаргаж өгөх бөгөөд энэ хугацаанд гаргаж өгөөгүй бол гаалийн байгууллага барааны ангиллыг урьдчилан тодорхойлох шийдвэр гаргахаас татгалзана. 

25 дугаар зүйл. Барааны ангиллыг урьдчилан тодорхойлох шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, түдгэлзүүлэх

25.1.Гаалийн байгууллага барааны ангиллыг урьдчилан тодорхойлсон шийдвэрээ түдгэлзүүлэх буюу хүчингүй болгох эрхтэй.

25.2.Барааны ангиллыг урьдчилан тодорхойлсон шийдвэрийг дараахь үндэслэлээр хүчингүйд тооцох шийдвэр гаргаж, мэдүүлэгчид бичгээр мэдэгдэнэ:

25.2.1.гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт, үндэсний кодад өөрчлөлт орсон;

25.2.2.шинээр байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан.

25.3.Мэдүүлэгчийн ирүүлсэн бичиг баримт, мэдээлэл хуурамч болох нь шийдвэр гарсны дараа тогтоогдсон, эсхүл хуурамч байж болох баримт, сэжиг байгаа бол гаалийн байгууллага барааны ангиллыг урьдчилан тодорхойлсон шийдвэрээ түдгэлзүүлж уг шийдвэрийг барааны ангиллыг урьдчилан тодорхойлох шийдвэр гарсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 


ДОЛДУГААР БҮЛЭГ
Импортын барааны гарал үүсэл

26 дугаар зүйл. Барааны гарал үүслийн дүрэм

26.1.Бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх болон эдийн засаг, худалдааны бодлого хэрэгжүүлэх зорилгоор Барааны гарал үүслийн дүрмийг Засгийн газар батална.

27 дугаар зүйл. Импортын барааны гарал үүслийн улсыг тодорхойлох

27.1.Импортын барааны гарал үүслийн улсыг энэ хууль болон Барааны гарал үүслийн дүрэмд зааснаар тодорхойлно.

27.2.Импортын барааны гарал үүслийн улс нь улсуудын холбоо, гаалийн болон эдийн засгийн олон улсын холбоо, барааны гарал үүслийг тодорхойлох зорилгоор тусгайлан заасан нэг улсын тодорхой хэсэг, бүс нутаг байж болно.

27.3.Мэдүүлэгчийн хүсэлтээр барааны гарал үүслийн улсыг гаалийн байгууллага урьдчилан тодорхойлж болно.

28 дугаар зүйл. Барааг бүрэн үйлдвэрлэсэн улс

28.1.Барааг бүрэн үйлдвэрлэсэн улсыг тухайн импортын барааны гарал үүслийн улс гэж үзнэ.

28.2.Дараахь нөхцөлийг хангасан тохиолдолд барааг тухайн улсад бүрэн үйлдвэрлэсэн гэж үзнэ:

28.2.1.тухайн улсын газрын гадаргуу, түүний хэвлий, нутаг дэвсгэрийн ус, түүний ёроолоос олборлосон эрдэс бүтээгдэхүүн;

28.2.2.тухайн улсад хураан авсан хүнсний ногоо;

28.2.3.тухайн улсад төрсөн, бойжсон амьд амьтан;

28.2.4.тухайн улсын мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн;

28.2.5.тухайн улсын нутаг дэвсгэрт агнасан ан, загас агнуурын бүтээгдэхүүн;

28.2.6.тэнгисийн загас агнуурын бүтээгдэхүүн, тухайн улсын хөлөг онгоцоор тэнгисийн уснаас гаргаж авсан бусад бүтээгдэхүүн;

28.2.7.энэ хуулийн 28.2.6-д заасан бүтээгдэхүүнээр тухайн орны хөлөг онгоцон дээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн;

28.2.8.тухайн улсын нутаг дэвсгэрийн усанд үл хамаарах далай, тэнгисийн ёроолоос олборлосон эрдэс бүтээгдэхүүн;

28.2.9.тухайн улсад гагцхүү түүхий эдийн зориулалтаар цуглуулсан хуучин эд зүйлс, үйлдвэрийн хог, хаягдал;

28.2.10.энэ хуулийн 28.2.1-28.2.9-д заасан бүтээгдэхүүнээр тухайн улсад үйлдвэрлэсэн бараа.

29 дүгээр зүйл. Бараанд үлэмж хэмжээний боловсруулалт хийх

29.1.Барааг үйлдвэрлэхэд хоёр, түүнээс дээш улс орон оролцсон тохиолдолд барааны гарал үүслийн улсыг түүнд үлэмж хэмжээний боловсруулалт хийсэн улсаар тодорхойлно.

29.2.Бараанд үлэмж хэмжээний боловсруулалт хийгдсэн болохыг дараахь шалгуураар тогтооно:

29.2.1.барааг боловсруулах, үйлдвэрлэх үйл ажиллагааны улмаас барааны ангиллын код нь Уялдуулсан системийн зүйлийн түвшинд өөрчлөгдсөн байвал;

29.2.2.барааны үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа нь тухайн улсыг барааны гарал үүслийн улсаар тооцоход хангалттай бол;

29.2.3.тухайн бараанд ашигласан материалын эсхүл нэмэгдсэн өртөг нь эцсийн бүтээгдэхүүний өртгийн 50 болон түүнээс дээш хувийг эзэлж байвал.

29.3.Бараанд үлэмж хэмжээний боловсруулалт хийгдсэн шалгуурт дараахь үйл ажиллагаа хамаарахгүй:

29.3.1.барааг хадгалах, тээвэрлэх явцад түүний бүрэн бүтэн байдлыг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа;

29.3.2.барааг худалдах, тээвэрлэхэд бэлтгэх үйл ажиллагаа;

29.3.3.энгийн угсрах үйл ажиллагаа;

29.3.4.өөр өөр улсаас гарал үүсэлтэй барааг хооронд нь холих үйл ажиллагаа.

29.4.Энэ хуулийн 29.3.4-т заасан тохиолдолд эцсийн бүтээгдэхүүний шинж чанар нь хольж байгаа бараа бүрийн шинж чанартай адил байна.

30 дугаар зүйл. Барааны гарал үүслийн улсыг тодорхойлох онцлог тохиолдол

30.1.Үйлдвэрлэл, тээвэрлэлтийн нөхцөлийн улмаас нэг ачилтаар илгээх боломжгүйгээс хэд хэдэн ачилтаар илгээгдсэн, эсхүл угсраагүй буюу задалж салгасан бараа, түүнчлэн тээвэрлэлтийн алдаанаас хэд хэдэн ачилтаар салангид ирсэн барааг гарал үүслийн хувьд нэг бараа гэж үзнэ.

30.2.Дараахь нөхцөлийг хангасан бол барааг гарал үүслийн хувьд нэг бараа гэж тооцно:

30.2.1.барааг угсраагүй, эсхүл задалж салган хэд хэдэн ачилтаар илгээх болсон шалтгааныг зааж, барааны ангиллын код, үнэ, гарал үүслийн улсыг ачилт тус бүрээр заасан жагсаалтыг гарган гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдсэн байх, эсхүл алдааны улмаас барааг салгаж тээвэрлэснийг батлах бичиг баримтыг гаргаж өгсөн байх;

30.2.2.ачилт бүрт хамрагдах барааг нэг улсаас, нэг илгээгчээс нийлүүлсэн байх;

30.2.3.ачилт бүрт хамрагдах барааг гаалийн нэг байгууллагад мэдүүлсэн байх;

30.2.4.ачилт бүрт хамрагдах барааг гаалийн байгууллага гаалийн мэдүүлгийг хүлээн авсанаас хойш 3 сарын дотор гаалийн нутаг дэвсгэрт оруулсан байх.

30.3.Мэдүүлэгчийн хүсэлтээр энэ хуулийн 30.2.4.-т заасан хугацааг нэг хүртэл сараар 1 удаа сунгаж болно.

30.4.Машин, тоног төхөөрөмж, аппарат, тээврийн хэрэгслийг тэдгээрийг ашиглахад шаардагдах сэлбэг, эд анги, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хамт нийлүүлсэн тохиолдолд тэдгээрийн гарал үүслийн улс нь ижил байна.

30.5.Гаалийн нутаг дэвсгэрт оруулж байгаа барааны сав, баглаа боодол нь түүнийг тусад нь мэдүүлснээс бусад тохиолдолд тухайн бараатай ижил гарал үүсэлтэй байна.

30.6.Барааны гарал үүслийг тодорхойлоход түүний үйлдвэрлэл, боловсруулалтад ашигласан цахилгаан эрчим хүч, машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн гарал үүслийн улсыг тооцохгүй.

31 дүгээр зүйл. Барааны гарал үүслийн улсыг нотлох баримт

31.1./Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

31.2./Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

31.3.Импортлогч улсад татварын хөнгөлөлт эдлэх зорилгоор мэдүүлэгч нь барааны гарал үүслийн улсыг нотлох баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгч болно.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

31.4.Гаалийн байгууллага нь барааны гарал үүслийн улсыг нотлох баримтыг нягтлан шалгаж болно.

31.5.Импортын барааны гарал үүслийн улсыг нягтлан шалгах хугацаа 30 хоногоос хэтрэхээргүй байх бөгөөд гаалийн удирдах төв байгууллага уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно.

31.6./Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

32 дугаар зүйл./Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

33 дугаар зүйл./Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

34 дүгээр зүйл. Барааны гарал үүслийн гэрчилгээ

34.1.Барааны гарал үүслийг гэрчилж, тухайн орны эрх бүхий байгууллагаас тусгай маягтаар баталгаажуулан олгосон гарал үүслийн гэрчилгээг барааны гарал үүслийн улсыг тодорхойлох албан ёсны бичиг баримт гэж үзнэ.

34.2.Барааны гарал үүслийн гэрчилгээг импортын бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх үндсэн бичиг баримт гэж үзнэ.

 


НАЙМДУГААР БҮЛЭГ
Гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөх

35 дугаар зүйл. Гаалийн болон бусад татвар ногдуулах

35.1.Гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн болон бусад татвар ногдуулах бөгөөд энэ заалт нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх бараанд нэгэн адил хамаарна.

35.2.Гаалийн болон бусад татвар ногдуулах суурь нь барааны гаалийн үнэ, түүний тоо хэмжээ байна.

35.3.Гаалийн болон бусад татварыг барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тариф, валютын ханшаар тооцож төгрөгөөр ногдуулах ба хэрэв бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийсэн өдрөөс гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх өдөр хүртэлх хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон тарифын хувь хэмжээнд өөрчлөлт орсон бол гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх өдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа тариф, валютын ханшийг баримтална.

35.4.Tөгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг гаалийн тооцоонд тодорхой хугацаанд тогтвортой мөрдөх журмыг Монголбанкны Ерөнхийлөгч, гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

35.5.Гаалийн хууль тогтоомж зөрчиж нэвтрүүлсэн бараанд гаалийн болон бусад татварыг ногдуулахдаа Монгол улсын хил нэвтрүүлсэн өдөр, хэрэв энэ өдрийг тогтоох боломжгүй бол зөрчил илрүүлсэн өдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа тариф, валютын ханшийг мөрдөнө.

35.6.Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан тогтворжуулах гэрчилгээтэй бол уг гэрчилгээнд заасан хувь, хэмжээгээр гаалийн болон бусад татварыг төлнө.

/Энэ хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

36 дугаар зүйл. Гаалийн болон бусад татварыг хураан авч төсөвт төвлөрүүлэх

36.1.Гаалийн байгууллага татвар төлөгчөөс хураан авсан гаалийн болон бусад татварыг улсын төсөвт төвлөрүүлнэ.

36.2.Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар нэвтрүүлсэн барааны гаалийн болон бусад татварыг төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлнэ.

36.3.Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг хураан авч төсөвт төлөхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

37 дугаар зүйл. Гаалийн болон бусад татвар үл ногдуулах

37.1.Дараахь бараанд гаалийн болон бусад татвар үл ногдуулна:

37.1.1.хилийн чанадаас гаалийн баталгаат бүс, татваргүй барааны дэлгүүр, гаалийн тусгай бүс, чөлөөт бүсэд шууд оруулах болон тэндээс хилийн чанадад шууд гаргах бараа;

37.1.2.ташаарч тээвэрлэгдэсний улмаас буцааж тээвэрлэх бараа;

37.1.3.гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх бараа;

37.1.4.шилжүүлэн ачих горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийх бараа;

37.1.5.устгах горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийх бараа.

38 дугаар зүйл. Гаалийн татвараас чөлөөлөгдөх бараа

38.1.Гаалийн нутаг дэвсгэрт оруулах дараахь барааг гаалийн татвараас чөлөөлнө:

38.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, хиймэл эд эрхтэн, тэдгээрийн эд анги;

38.1.2.хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа;

38.1.3.валют, гадаадад захиалгаар хийлгэсэн Монгол Улсын мөнгөн тэмдэгт;

38.1.4.зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл;

38.1.5.эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн;

38.1.6.хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглол.

38.1.7.импортоор оруулах бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, хориглосноос бусад мод, сөөгний үр, тарьц, суулгац;

38.1.8./Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

38.1.9.иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоц, түүний сэлбэг;

38.1.10.гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарын албан хэрэгцээнд зориулан импортлосон бараа;

38.1.11.гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн суух улсдаа шилжин суурьшихад шаардагдах хувийн хэрэглээний эд зүйл;

38.1.12.зөвхөн тахир дутуу тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүртэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө жолоодох, удирдлага нь зөвхөн гар ажиллагаатай, дээрхийн адил бүрэн тоноглогдон үйлдвэрлэгдсэн, тусгай зориулалтын автомашиныг нэг хүнд нэг удаа;

38.1.13.хууль, олон улсын гэрээнд заасан бусад бараа.

38.1.14.инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

38.1.15.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

                        38.1.16.гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний таван жилийн хугацаанд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл;

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

38.1.17.газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

38.1.18.сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг.

/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

38.2.Энэ хуулийн 38.1.6, 38.1.14, 38.1.18-д хамаарах барааны жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар батална.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

38.3.Гаалийн татвараас чөлөөлөх харилцааг гагцхүү энэ хуулиар зохицуулна.

39 дүгээр зүйл. Гаалийн болон бусад татвар төлөх

39.1.Гаалийн болон бусад татварыг татвар төлөгч төлнө.

39.2.Гаалийн болон бусад татвар төлөх баталгааг банк гаргасан бол тэдгээр татварыг төлөх баталгааны хугацаа дуусмагц татвар төлөх үүргийг банк хүлээнэ.

39.3.Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг хугацаанд нь буцаан гаргаагүй бол түүнийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах үед ногдуулсан гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ.

39.4.Татвар төлөгч нь гаалийн болон бусад татвар төлөх зорилгоор гаалийн байгууллагын дансанд урьдчилгаа төлбөр хийж болох бөгөөд уг урьдчилгаа төлбөрт хүү тооцохгүй.

39.5.Дараахь нөхцөлийн аль нэгийг хангасан тохиолдолд гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болно:

39.5.1.гаалийн болон бусад татварыг төлсөн;

39.5.2.гаалийн болон бусад татвар төлөх хугацааг сунгах, эсхүл хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гарсан;

39.5.3.энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан аль нэг хэлбэрээр гаалийн болон бусад татвар төлөх баталгаа гаргасан.

39.6.Дараахь тохиолдолд гаалийн болон бусад татвар төлсөнд тооцно:

39.6.1.ногдуулсан татварын мөнгөн дүнг банкнаас гаалийн байгууллагын, эсхүл улсын төсвийн дансанд шилжүүлсэн;

39.6.2.гаалийн байгууллагад бэлэн мөнгө тушаасан;

39.6.3.гаалийн байгууллагын дансанд хийсэн урьдчилгаа төлбөрөөс ногдуулсан татварын хэмжээгээр суутгал хийсэн.

39.7.Гаалийн болон бусад татварыг төлөх баталгааг энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар гаргасан, эсхүл энэ хуулийн 40.1-д заасны дагуу Засгийн газрын шийдвэр гарсан бол гаалийн байгууллага татвар төлсөнтэй адилтган тооцож мэдүүлэг хүчин төгөлдөр болно.

39.8.Гаалийн байгууллага нь гаалийн болон бусад татвар төлснийг нотлох баримт болох гаалийн хүчин төгөлдөр мэдүүлгийн хувийг татвар төлөгчид олгоно.

40 дүгээр зүйл. Гаалийн болон бусад татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлөх

40.1.Гаалийн болон бусад татварыг төлөх хугацааг 2 сар хүртэл хугацаагаар сунгах, эсхүл 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно.

40.2.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно.

/Энэ хэсгийг 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

40.3.Энэ хуулийн 40.2-т заасан улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хийх хөрөнгө оруулалтын хэмжээг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

41 дүгээр зүйл. Гаалийн болон бусад татвар төлөх баталгаа

41.1.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн байгууллага нь гаалийн болон бусад татвар төлөх баталгаа гаргуулж болно.

41.2.Мэдүүлэгч гаалийн болон бусад татвар төлөх баталгааг дараахь хэлбэрээр гаргаж болно:

41.2.1.гаалийн хилээр нэвтрүүлж буй бараа, эсхүл мөнгөн хөрөнгө барьцаалах;

41.2.2.банкны баталгаа гаргах;

41.2.3.олон улсын гэрээнд заасан бусад хэлбэр.

41.3.Гаалийн болон бусад татвар төлөх баталгаа нь ердийн тарифаар ногдуулсан гаалийн болон бусад татварын дүн дээр түүний 10 хувийг нэмсэн хэмжээнээс хэтрэхээргүй байна.

41.4.Гаалийн болон бусад татвар төлөх баталгаа гаргах журмыг Засгийн газар батална.

42 дугаар зүйл. Гаалийн болон бусад татварыг хорогдуулж тооцох

42.1.Бараа гаалийн хяналтад байх хугацаанд тоо хэмжээ нь дутсан, жин нь багассан, гэмтсэн, чанараа алдсан, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон нь холбогдох бичиг баримтаар нотлогдсон тохиолдолд гаалийн байгууллага түүнд ногдуулах гаалийн болон бусад татварыг хорогдуулан тооцож болно.

43 дугаар зүйл. Гаалийн болон бусад татварыг буцаан олгох

43.1.Гаалийн байгууллага нь гаалийн болон бусад татварыг дараахь тохиолдолд буцаан олгоно:

43.1.1.гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг хугацаанд нь буцаан гаргасан;

43.1.2.гаалийн нутаг дэвсгэрээс түр хугацаагаар гаргасан барааг хугацаанд нь буцаан оруулсан;

43.1.3.гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан бараа татваргүй горимд шилжсэн.

43.2.Гаалийн байгууллага илүү төлөгдсөн гаалийн болон бусад татварыг дараахь тохиолдолд буцаан олгоно:

43.2.1.бараа ердийн тарифаас нэн тааламжтай тарифт шилжсэн;

43.2.2.энэ хуулийн 8.6-д заасны дагуу гаалийн байгууллагын тодорхойлсон үнээс татгалзсан;

43.2.3.гаалийн болон бусад татварыг илүү төлсөн, эсхүл илүү ногдуулсан бусад тохиолдолд.

43.3.Буцаан олгох гаалийн болон бусад татварт гаалийн байгууллага хүү төлөхгүй.

43.4.Мэдүүлэгч хүсвэл илүү төлөгдсөн татварыг дараагийн ачилтаар ирэх барааны татварт шилжүүлэн тооцож болно.

44 дүгээр зүйл. Гаалийн болон бусад татвар төлөх үүрэг дуусгавар болох

44.1.Гаалийн болон бусад татвар төлөх татвар төлөгчийн үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:

44.1.1.татвар төлсөн;

44.1.2.мэдүүлэгч татвар төлөгч тухайн төрлийн татвараас чөлөөлөгдсөн;

44.1.3.гаалийн болон бусад татвар төлөх баталгаа гаргасан банк уг татварыг төлсөн;

44.1.4.гаалийн болон бусад татварыг барьцааны гэрээний хугацаанд төлсөн;

44.1.5.гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан, эсхүл түүнээс түр хугацаагаар гаргасан барааг хугацаанд нь буцаан гаргасан, эсхүл буцаан оруулсан;

44.1.6.барааг гаалийн байгууллага хураасан;

44.1.7.гаалийн болон бусад татварыг төлүүлсэн.

45 дугаар зүйл. Банкны үүрэг

45.1.Энэ хуулийн 41.2.2–т заасны дагуу мэдүүлэгчийн өмнөөс гаалийн болон бусад татвар төлөх баталгаа гаргасан бөгөөд мэдүүлэгч нь уг баталгаанд заасан хугацаанд тэдгээрийг төлөөгүй бол банк татварыг гаалийн байгууллагад төлөх үүрэгтэй.

45.2.Банк энэ хуулийн 45.1-д заасны дагуу татварыг төлөөгүй бол Татварын ерөнхий хуулийн 71.3-т заасны дагуу гүйцэтгээгүй татварын төлбөрийн дүнгийн 0,3 хувиар тооцон хоног тутам хүү төлнө.

45.3.Банк, санхүүгийн байгууллага нь харилцагч аж ахуйн нэгж, байгууллагын гаалийн болон бусад татварын төлбөрийг 12 цагийн дотор гүйцэтгэж, тухайн өдөрт багтаан төсвийн харилцах дансанд шилжүүлэх бөгөөд уг үүргийг биелүүлээгүй бол гүйцэтгээгүй татварын төлбөрийн дүнгийн 0,3 хувиар тооцон хоног тутам хүү ногдуулна.

46 дугаар зүйл. Гаалийн болон бусад төлөөгүй татварыг хураах

46.1.Энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан хугацаанд, эсхүл мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан баталгааны дагуу гаалийн болон бусад татвар төлөөгүй бол тэдгээрийг хураах ажиллагааг Татварын ерөнхий хуулийн дагуу хэрэгжүүлнэ.

46.2.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 46.1-д заасан ажиллагааг гаалийн байгууллагад ажиллаж буй гаалийн улсын байцаагчийн эрх бүхий этгээд хэрэгжүүлж болно.

 


ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл

47 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

47.1.Энэ хуулийг 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

 

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН