Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баруун бүсийн найдвар болно
ТӨСЛИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
Эрчим хүчний салбараа хараат байдлаас гаргах, шинэ эх үүсвэрүүд барих, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ дийлэхгүйд хүрсэн энэ салбарын үйл ажиллагааг нөхөж сэлбэх асуудал Монгол Улсын хувьд нэгдүгээрт байна.
Энэ салбарт дэм болгож байгуулах хэд хэдэн станцын нэг нь яах аргагүй баруун бүсийн эрчим хүчний ачааг үүрэлцэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Салбарынхаа хараат байдлыг засаж арилгахад энэ станц том хувь нэмэр үзүүлнэ.
Манай улсын баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мВт байдаг бол, Ховд голд түшиглэж байгуулах тус станц нь 90 мВт хүчин чадалтай байх юм. Өөрөөр хэлбэл Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс гурав дахин их хүчин чадалтай гэсэн үг.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс манай улсын онцлогт хамгийн их тохирсон нь усан цахилгаан станц бөгөөд дэлхий нийтэд энэ төрлийг илүүд үздэг. Одоогоор манайд том чадалтай УЦС байхгүй. Байгаа арваад станцын хувьд дунд оврын Тайшир, Дөргөний УЦС-аас бусад нь бага чадлынх. Гэсэн ч эдгээр нь өөрийн хүчин чадлаас хэд дахин давсан ачаалал үүрч, жилийн дөрвөн улирлын туршид эрчим хүч үйлдвэрлэж байна.
ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭСЭЭ ХОЙШ 19 ЖИЛИЙН ДАРААГААС ҮР АШГАА ӨГЧ ЭХЭЛНЭ
Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлд орсон, томоохон хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжиж эхэлснээсээ хойш 19 жилийн дараагаас үр ашгаа өгч эхэлнэ гэсэн тооцоо бий.
Монгол Улсын Засгийн газраас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулахад бодлогоор дэмжихээ мэдэгдэж байгаа. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилт тавьсан манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулах нь зүй. Баруун таван аймаг 1 кВт эрчим хүчийг ОХУ-аас 280-315 төгрөгөөр худалдан авч байгаа бол энэ усан цахилгаан станц 1 кВт эрчим хүчийг 37 төгрөгөөр үйлдвэрлэх тооцооллыг гаргасан. Эдийн засгийн хувьд ч, эрчим хүчний хараат байдлаас холдуулах ач холбогдлын хувьд ч энэ төслийн үр ашиг нь өндөр учир Засгийн газар чармайлт гарган ажиллаж байна. Одоо баруун таван аймаг эрчим хүчнийхээ 76 хувийг ОХУ-аас, үлдэх 24 хувийг Дөргөний УЦС-аас авч байна.
Манай улс эрчим хүчний импортод жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна.
ТӨСЛИЙН ЗАМ БА ҮЛ ОЙЛГОЛЦОЛ
Тусгаар улсын гол баталгаа болох эрчим хүчнийхээ тодорхой хувийг гаднаас авдаг улсын хувьд өөрийн нөөц бололцоог ашиглаад шинэ эх үүсвэр хэдийг л бол хэдийг барихад иргэд нь хүртэл дэмжлэгээ үзүүлэх учиртай.
Төслийг хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газар нутагт амьдарч буй нийт 270 өрхийг 2022-2025 онд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажилд нэг саад учирсан нь усан цахилгаан станц баригдвал тухайн орчныхон усанд автах, байгаль орчин сүйтгэгдэх болно гэсэн ташаа ойлголт. Тиймээс улс орны эдийн засаг болоод бусад олон талын ач холбогдолтой бүтээн байгуулалт юм гэдгийг тайлбарлан таниулахад багагүй хугацаа шаардагджээ. УЦС нь байгальд хамгийн аюулгүйгээр эрчим хүч үйлдвэрлэдэг.
Нутаглаж суурьшсан газраасаа шилжиж нүүх амаргүй ч 400 гаруй мянган хүн ам бүхий баруун бүсийн таван аймгийн, 91 сум, олон арван баг суурингийн зайлшгүй хэрэгцээ, эрх ашиг, цаашилбал улс орны хувьд стратегийн ач холбогдолтой энэ төсөл хэрэгжих нь хамгаас чухал. Иргэдийн хувьд төртэйгөө хамтраад хүнд байдалд орсон эрчим хүчний салбараа дэмнээд өндийлгөлцөх ухамсар онцгой хэрэгтэй. Гадны улс орнуудад бүтээн байгуулалт хийхийн тулд суурин тосгодыг тэр чигээр нь шилжүүлэх тохиолдол ч байдаг.
Нөлөөлөлд өртөж буй айл өрхийн нэлээд нь хамгаалалтын бүс дотор амьдарч байгаа ч төслийг урагш хөдөлгөхийн тулд тэдгээр өрхийн амьжиргааг дордуулахгүйгээр нүүлгэн шилжүүлж, нөхөн олговрын хэмжээг бодитойгоор шийдвэрлэхэд Засгийн газрын түвшинд анхааран хуулийн хүрээнд асуудлыг шийдэж байна.
ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ БА ИРЭЭДҮЙН ЗУРАГЛАЛ
Салбар бүрийн эрдэмтэд судалгаа шинжилгээ хийж, шаардлагатай тооцооллыг нарийвчлан гаргасан энэ төсөл хэрэгжсэнээр зөвхөн баруун аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гараад зогсохгүй бусад үр өгөөжийг ч энд дурдмаар. Тухайлбал:
-Эдийн засгийн өгөөж ихтэйгээс гадна хүн ба байгаль орчинд хамгийн хор нөлөөгүй, сэргээгдэх эрчим хүчний найдвартай эх үүсвэр болно. Усан сангийн талбай дахь 84 байршлын 206 түүх соёлын дурсгалыг авран хамгаалахад мөн багагүй хөрөнгө мөнгө зарцуулах тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, гол усны урсац, түүх соёлын өвд сөргөөр нөлөөлөхгүй төсөл.
-Эрчим хүчний өөрийн өртгийг хямдруулна. Дулааны цахилгаан станцаас үйлдвэрлэсэн эрчим хүчний зардал УЦС-ынхаас өндөр байдаг учир цахилгааны үнэ тариф буурах боломжтой. Өндөр үнэтэй эрчим хүч авахгүй болсноор улс орны эдийн засагт том дэмжлэг болно. Хямд үнэтэй эрчим хүч нь айл өрх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн хувьд эерэг нөлөөлөл үзүүлнэ. Ингэснээр үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдэх суурь болох юм.
-Агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ. Дэлхийн улс орнуудад дундаж хур борооны тунадас 880 мм байдаг бол манайд дунджаар 47-240 мм хур тунадас унадаг маш хуурай уур амьсгалтай орон. Тиймээс нэмж нэг ч атугай усан толио, хиймэл нуур үүснэ гэдэг бол таатай зүйл. Усан толионоос үүдэлтэй ууршилт Ховд, Хар ус нуурын сав газарт хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж хөрсөнд эерэг нөлөөлөл үзүүлнэ.
-Хүлэмжийн хийг бууруулна. Нүүрсэн галлагаат буюу ДЦС-ын хувьд агаарын бохирдолд ихээхэн нөлөө үзүүлдэг учир дэлхий нийтээр энэ төрлийн эрчим хүчний эх үүсвэрээс татгалзахыг хичээж байна. УЦС-ын ашигт үйлийн коэффицент 97 хувь байдаг бол дулааны цахилгаан станцын ашигт үйлийн коэффицент 30 хувь байдаг.
-Аялал жуулчлал, загасны аж ахуйн бүс болох боломжтой. Хиймэл нуур үүссэнээр загас үржих маш таатай нөхцөл бүрдэнэ.
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.
-Бүсийн хэмжээнд улсын төсвөөс авах татаасгүй болно.
Стратегийн ач холбогдол бүхий томоохон мега төслүүдийн нэг, хамгийн их хэрэгцээ шаардлагатай, хүлээлтэд байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын олон талын ач холбогдлын зах зухаас нь нэрлэхэд л энэ.
ТӨСЛИЙН ТҮҮХ-ОН ЦАГИЙН ДАРААЛАЛ
1964 онд ЗХУ-ын Электросеть институт Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хамгийн анхны урьдчилсан судалгааг хийж байсан.
2008 онд MCS, Kyushu Electric Power, West Japan Engineering Consultants, Industrial Design компаниуд анхны ТЭЗҮ-ийг боловсруулсан байдаг.
2010 онд Дэлхийн байгаль хамгаалах сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Ховд, Буянт голын сав газрын зөвлөл хамтран усны нөөцийн нэгдсэн хөтөлбөр боловсруулжээ.
2015 онд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийг байгуулсан юм.
2018 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөнөөс 288.5 сая ам.доллараар санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2019 онд станцын техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн баталсан. БНХАУ-ын Төрийн өмчит China Water Resources Beifang Investigation Design and Research компани ТЭЗҮ-г нь боловсруулжээ.
2019 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төсөл хэрэгжих 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Станц баригдах болон нуур үүсэх нутаг дэвсгэр нь Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн уулзвар 4 сумын газар нутгийг дамнан байрладаг.
2021 онд Төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” компанийн түншлэл /“Power Construction Corporation of China Ltd болон POWERCHINA Chengdu Engineering Corporation limited”/ шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг байгуулсан байдаг. Төслийг 61 сарын хугацаанд гүйцэтгэнэ гэж төлөвлөсөн.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг