Ц.Сосорбарам: Сумын ИТХ-ын тогтоолд дурдсан “шалтаг”-ийг мэргэжлийн үүднээс үндэслэл гаргаж няцаая
Эрдэнэбүрэнгийн УЦС төсөлд та ямар үүрэг гүйцэтгэж ажиллаж байна вэ? Мэргэжлийн хүний хувьд Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааны талаарх дүгнэлтээ хуваалцана уу?
-Би Усан цахилгаан станцын инженер мэргэжил эзэмшиж, мэргэжлээрээ ШУТИС-д 14 жил багшилсан. Газрын доорх усны хайгуул, Усны барилгын зураг, Байгаль орчны үнэлгээ зэрэг мэргэжлийнхээ чиглэлээр 20 гаруй жил ажиллаж байна. Мөн Усны газрын орлогч дарга, “Монгол Ус” ТӨУҮГ-ын захирал зэрэг төрийн албанд мэргэжлийнхээ дагуу зүтгэж ирсэн. Эрдэнэбүрэнгийн УЦС төсөлд Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний түншлэлийн багийн ахлагчаар ажилласан.
Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станцын төсөл бол Монгол Улсад томоохонд тооцогдох мега төсөл. Энэ төрлийн төслүүдийг манай улс урьд өмнө нь хэрэгжүүлж байсан туршлагатай. Мэдээж хэрэг төсөл хэрэгжүүлэхэд ойр орчмын газрыг чөлөөлж төр өөрийн тусгай хэрэгцээндээ авах ёстой байдаг. Ингэхдээ тухайн газар нутагт амьдарч байгаа иргэд, малчдын аж байдлыг өмнөх байдлаас нь дордуулахгүйгээр нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох асуудлыг төр хариуцдаг. Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн хувьд энэ талаар бүх үйл явц нь хуулийн дагуу явж байгаа гэж ойлгож байна. Гадны улс орнуудын жишгийг харахад стратегийн ач холбогдолтой энэ төрлийн төслийг хэрэгжүүлэхийн тулд бүхэл бүтэн хот суурингаар нь чөлөөлөх хүртэл ажиллагаа хийгддэг. Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг хэрэгжүүлэхэд хүн, байгаль орчинд хамгийн бага нөлөөлөлтэй төсөл болно гэсэн тооцоо судалгаа гарсан байдаг.
Орон нутгийн зарим иргэд Төслийг эсэргүүцэж мэдээлэл хийсэн. Эсэргүүцэлд дурьдагдаад байгаа нөхцөл байдал орон нутагт үүсээд байгаа юу?
“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл”-ийг эсэргүүцээд байгаа шалтгаан нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй. Усан цахилгаан станц баригдаад Увс аймгийн Өмнөговь сумын газар нутаг усан дор орчих юм яриад байгаа. Гэтэл Өмнөговь сум 314 600 га нутаг дэвсгэртэй. Түүний 1.4 хувь нь л Усан цахилгаан станц баригдах талбайд хамрагдаж байна. Үлдсэн 99 орчим хувь нь хэвийн хэмжээндээ байх юм. Өмнөговь сумын хэмжээнд нийт 1142 өрхтэй. Үүнээс Улиаст багийн 125 орчим өрхийг нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаад байгаа. Тэгэхээр сум тэр аяараа усанд автах гэж байгаа мэтээр худал мэдээлэл тарааж, иргэдийг төртэй нь талцуулаад байгааг гайхаж байна. Улсын тусгай хэрэгцээнд авсан газарт иргэн, ААН-ийн өмчлөлийн эрхтэй нэг ч газар байхгүй. Харин ч эсрэгээрээ Усны тухай хуульд зааснаар голоос 50 метр дотор Онцгой хамгаалалтын бүс, 200 метр дотор Энгийн хамгаалалтын бүсэд тооцож айл өрх амьдрахыг зөвшөөрдөггүй. Эдгээр нүүлгэн шилжүүлэх 125 айл өрхийн ихэнх нь хамгаалалтын бүс дотор амьдарч байгаа шүү дээ. Эндээс харахад харин ч эсрэгээрээ эсэргүүцээд байгаа харагдаад байгаа юм. Саяхан хэвлэлийн хурал хийгээд байсан Тал бичээч Д.Жаргалсайхан гэх нөхөр “Усан цахилгаан станц барих нь аюултай, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх юм биш үү”, “Эрчим хүчний тусгаар тогтнол гэж байхгүй”, “Үүнийг чинь хэн барих юм бэ?”, “ Газар нутгийг сүйтгэх гээд байна”, “Усан далай болгох гээд байна” гэх мэт илтэд судалгаа шинжилгээ, тооцоололгүй мэдээлэл тарааж байгаа нь огт үндэслэлгүй.
-Та мэргэжлийн хүний хувьд яагаад үндэслэлгүй вэ гэдгийг тэдний тавьсан шалтгаан тус бүрээр нь тайлбарлаж зөв мэдээлэл өгнө үү?
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол сэргээгдэх эрчим хүчний төрөл бөгөөд байгаль экологид хамгийн аюулгүй, харин ч ээлтэй байдлаар эрчим хүч үйлдвэрлэх төсөл юм. Тусгаар тогтнолд сөргөлдөх юу ч байхгүй. Харин ч эсрэгээрээ эрчим хүчээ гадны улс орнуудаас хараат бус байдлаар дотооддоо хангах боломж шүү дээ. Одоогийн байдлаар баруун таван аймаг 1 кВт эрчим хүчийг ОХУ-аас 280-315 төгрөгөөр худалдан авч байна. Усан цахилгаан станц 1 кВт эрчим хүчийг 37 төгрөгөөр үйлдвэрлэнэ гэсэн тооцоолол байдаг. Энэ нь амьдрал дээр асар их ашиг тустай, иргэдэд эдийн засгийн дэмжлэг болохуйц байдал үүсч байна гэсэн үг. Эрчим хүчний тусгаар тогтнолын томоохон үр ашигтай хэлбэр гэж ойлгож болно. Газар нутаг сүйдэж “Усан далай” болохгүй ээ. Шижигтийн хавцалд усан хуримтлал үүсгэж улсын тусгай хэрэгцээнд авсан 28 000 га газрын 9.7 мянга орчим га газарт хиймэл нуур үүснэ. Мэдээж, нийгмийн нөлөөлөл үүсч тодорхой тооны айлуудад хүндрэл үүсэх учир Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговор болон дүйцүүлэн хамгаалах ажилд 11 тэрбум төгрөгийг олгохдоо Төсвийн хуульд тусгасны дагуу холбогдох дүрэм журмыг баримтлан шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.
-Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-аас Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох тухай тогтоол гаргасан байдаг. Тогтоолд дурьдагдаад байгаа сөрөг нөхцлүүд үүсэх үү?
-Дээр хэлсэнчлэн эсэргүүцээд байгаа цөөн тооны иргэдийн саналаар үндэслэлгүй тогтоол гаргасан байна лээ. Тогтоолд дурьдсанаас нь эхлээд хариулаад явья.
Ховд голын үзэсгэлэн төгс ой мод, хадлан бэлчээр, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болно гэсэн байсан. Ховд гол нь Монгол Алтайн нурууны тэргүүн оргил Таван богдын зүүн өмнөд мөсөн голоос эх авч Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын нутгуудаар дамжин урсдаг. Монгол Алтайн Толбо, Тал, Даян, Хотон, Хурган, Ачит гэм мэт томоохон нуурууд илүүдэл усаа Ховд гол руу цутгадаг. Тэгэхээр тогтоолд тусгаснаар бол энэ бүх газрыг дагасан 593 км голын ай сав тэр аяараа устаж үгүй болох бололтой юм. Тийм юм огт болохгүй. Нэгээхэн хэсэгт нь хуримтлал үүсээд цаашаа гол хэвийн хэмжээнд урсдгаараа урсана.
Түүх соёлын үнэт өв устана гэж тогтоолд тусгасан байсан. Энэ бас бодит бус судалгаагүй нь харагдаж байна. Өмнөговь суманд Улсын тусгай хэрэгцээнд авсан 4576 га газрыг хамрах 45 байршилд 96 түүхийн дурсгал байна. Эдгээрийг бүгдийг нь Соёлын яам болон түүх, архелогийн хүрээлэн авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх ажлыг хариуцан гурван жилийн хугацаанд зохион байгуулан ажиллана. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд салбар бүрийн эрдэмтдийн багаас бүрдсэн судалгаа шинжилгээний групп бүх тооцооллыг гаргаад түүнд зарцуулагдах зардлыг ирэх оны төсөвт баталчихсан учраас хэрэгжүүлнэ. Ер нь төрөөс баруун бүсийнхээ эрчим хүчний асуудлыг дотооддоо шийдэхийн тулд стратегийн өндөр ач холбогдолтой төсөл хэрэгжүүлж Засгийн газрын тогтоол хүртэл гарчихсан байхад тухайн орон нутгийн засаг захиргааэы байгууллага нь анхан шатандаа иргэдээ буруу мэдээллээр хангаж, турхирч төслийг гацааж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж бодож байна.
-Төсөлтэй холбоотой танилцуулга хийж явахад таны биед халдсан гэдэг. Тухайн үед юу болсон бэ?
-Тийм зүйл болсон. Энэ асуудал зөвхөн Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст баг дээр л үүссэн. Тус сумын бусад зургаан баг дээр хэлэлцүүлэг хэвийн явагдаж ойлголцлын түвшинд үргэлжилсэн. Төсөл хэрэгжих Баян-Өлгий, Ховд аймгийн сум багийн иргэд дэмжиж байгаа. Мэргэжлийн хүний хувьд тооцоо судалгаагаа танилцуулж явсан. Би хувийнхаа станцын ажлаар биш Улсын стратегийн ач холбогдол бүхий том төслийн ажлаар явж байгаа болохоор үүргийнхээ хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаан дээр суурилсан нөлөөллийн үнэлгээгээ танилцуулж байхад миний биед халдаж түлхэж унагасан асуудал гарсан. Би гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад хандаагүй. Мэдээж, олон жил үе үеэрээ нутаглаж ирсэн газар нутаг, малын идээшиж, ундаашсан бэлчээр, хадлантай холбоотой асуудал яригдаж байгаа болохоор бухимдлаа хүчирхийллээр илэрхийлчихэв үү л гэж бодож эергээр ойлгохыг хичээж байгаа. Нөгөө талаараа иргэн хүнд эрх үүрэг гэж бий. Гэтэл эрхээ дээд зэргээр яриад байдаг үүргээ орхигдуулж, аминч байдлаар хандаж байна гэж хэлж болохоор нөхцөл байдал үүсээд байгаа нь харамсалтай. “Бидэнд тог цахилгаан хэрэггүй, нарны зайн хураагуураараа болоод л байна”, “Өөр газар наадахаа барь”, “Бослого үймээн гаргана, ална тална” гэх мэтээр дайрч байсан. Гэхдээ багийн иргэд 100 хувь эсэргүүцэж байна уу гэхээр үгүй. Тодорхой тооны иргэд л зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлээд байдаг. Асуудлын гол нь эдгээр үндэслэлгүйгээр эсэргүүцээд байгаа иргэдээс илүүтэйгээр цаана нь Баруун бүсийн таван аймгийн 404 000 хүн, 91 сум, 480 орчим багийн иргэдийн эрх ашиг, цаашлаад улс үндэстний стратеийн ач холбогдол яригдаж байгаа учраас энэ төсөл хэрэгжих л ёстой.
- Усан цахилгаан станц баригдсанаар үүсэх байгаль экологийн эерэг нөлөөллүүд ямар байх вэ? Энэ талаарх мэргэжлийн хүний төсөөллөөс олон нийттэй хуваалцвал сонин байна?
-Эерэг нөлөөлөл маш олон бий. Юуны өмнө хиймэл нуур үүссэнээр загас үржих маш таатай нөхцөл бүрдэнэ. Дэлхийн улс орнуудад дундаж хур борооны тунадас 880 мм байдаг бол манай улсад дунджаар 47-240 мм хур тундас унадаг, маш хуурай уур амьсгалтай орон шүү дээ. Тиймээс нэмж нэг ч атугай усан толио, хиймэл нуур үүснэ гэдэг бол таатай зүйл. Усан толионоос үүдэлтэй ууршилт Ховд, Хар ус нуурын сав газарт хур тунадасны хэмжээ нэмэгдэж хөрсөнд эерэг нөлөөлөл үзүүлнэ. Усан цахилгаан станцын орчимд хиймэл нуураа дагаад усны шувууд буух гэх мэт эрзрацийн талаасаа ч тэр ландшафтын хувьд үзэсгэлэн төгөлдөр үзэмж төрх үүсэх боломжтой. Мөн Ховд гол дээр Боомтоос доош хэсэгт үер буух үзэгдлийг таслан зогсооно. Учир нь усны түвшин зохицуулах хоёр ч том барилга байгаа учраас үер болох үзэгдэлд цэг тавина. Хэрэв ган гачиг болох, голын урсац татрах юм бол хиймэл нуурнаасаа экологийн урсацыг хаях байдлаар голыг хэзээ ч таслахгүй. Тэгэхээр гол үерлэхгүй, гол тасрахгүй нь гэж ойлгож болно. Хамгийн том эерэг ач холбогдол нь баруун таван аймгийг эрчим хүчээр бүрэн хангах найдвартай эх үүсвэртэй болно. Олон жид ярьсан “Үндэсний мөрөөдөл” гэж хэлж болох ач холбогдол нь энэ шүү дээ. Ингэснээр цахилгааны үнэ тариф буурах, өндөр үнэтэй эрчим хүч авахгүй болж, улс орны эдийн засагт маш том дэмжлэг болно. Хямд үнэтэй эрчим хүч нь айл өрх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн хувьд эерэг нөлөөлөл үзүүлнэ. Энэ бол тоогоор хэмжих шаардлагагүй хөрөнгө оруулалт. Эрчим хүчээ дагаад үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдэх зэрэг эдийн засгийн олон эерэг үр дүн гарна.
-Манай улсад энэ төрлийн ижил төстэй Усан цахилгаан станцын үйл ажиллагаа ямар түвшинд хөгжиж байна вэ?
-Баруун таван аймгийн хувьд нийт хэрэгцээт эрчим хүчнийхээ 76 хувийг ОХУ-аас, 24 хувийг Дөргөний УЦС-аас авдаг. Саяхан ОХУ цахилгаан эрчим хүчээ гурван хоног таслахад Дөргөний УЦС баруун гурван аймгийг эрчим хүчээр найдвартай хангасан. Бүр аминд орсон байхгүй юу. Өөрийнх нь хүчин чадал 8 МВт байхад 9 МВт-аар ажиллаад гурван хоногийн турш цахилгаан эрчим хүч тасалдуулаагүй. Мөн өнгөрсөн жил шон унасантай холбоотой 2-3 хоног импортын эрчим хүч саатахад мөн л УЦС бүрэн хангаж чадсан байдаг.
-Усан цахилгаан станцын давуу тал юу вэ?
-УЦС-ын ашигт үйлийн коэффицент 97 хувь байдаг бол дулааны цахилгаан станцын ашигт үйлийн коэффицент 30 хувь байдаг. Жишээ нь ДЦС-3 жилд дунджаар 3 сая тонн нүүрс шатааж, 1 сая тонн үнс гаргадаг. Тэр чинээгээрээ утаа униар үүсч, агаарын бохирдол үүсгэх, цаашлаад дэлхийн дулааралд нөлөө үзүүлж байна. Үлдэгдэл 70 хувь дулааны эрчим хүч Жоул Томсоны хуулиар яндангаар дамжиж алдагддаг. 30 хувь нь л цахилгаан эрчим хүч болдог. Тийм ч учраас Дулааны цахилгаан станцаас үйлдвэрлэсэн эрчим хүчний зардал УЦС-ынхаас өндөр байдаг. Улаанбаатарчууд 1 к.Вт эрчим хүчийг 170 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг. Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг хэрэгжүүлэх нь баруун бүсийн аймгуудын иргэд, ААН, цаашлаад улс орны эдийн засагт ч үлэмж хэмжээний ач холбогдолтой төсөл гэж үзэж байна.
-Мэргэжлийн хүний үүднээс мэдээлэл өгч ярилцсан танд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.