БАРУУН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ДУТАГДАЛТАЙ БАЙДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

2016.04.21
Thumb

Засгийн Газрын тогтоолоор Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамааралаас гарах зорилгоор Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь эрчим хүчний найдвартай хангамжаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангах, улмаар улс орны бие даасан хөгжил цэцэглэлт, нутгийн ард иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх стратегийн онцгой ач холбогдолтой төсөл юм.

Манай Улсын эрчим хүчний систем нь горим тохируулах өөрийн томоохон усан цахилгаан станц үгүйгээс Оросын холбооны улсаас 2015 онд 111,6 сая кВтцаг буюу ойролцоогоор 8 сая долларын өртөг бүхий эрчим хүч импортоор авсан байна. Оросын холбооны улстай холбогдсон цахилгааны шугамд гэмтэл гарч цахилгаан авч чадахгүй байдал үүсвэл олон мянган хэрэглэгчдийн цахилгаан тасрах аюул нүүрлэхийн зэрэгцээгээр өвлийн оргил ачааллын үед ноцтой хүндрэл үүсэж болзошгүй юм. 

Эдгээрээс гарах гарц нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг цаг алдалгүй барьж байгуулах явдал юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьснаар импортын эрчим хүчний хараат байдлаас гарах төдийгүй Ховд аймгийн түүхий нүүрсний хэрэглээг олон мянган тонноор бууруулж, Ховд хот болон бусад  хот суурин газруудын агаарын бохирдлыг бууруулах, цаашлаад цахилгааны хямд эх үүсвэрээ дагаад иргэдийн үйлдвэрлэл, үйчилгээнд ч ахиц гарах юм.