Төслийн зорилго

 

Баруун бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах, баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тохируулгын үүрэг гүйцэтгэх олон талын ач холбогдол бүхий 64 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг бариж байгуулан ашиглалтанд оруулахад энэхүү төслийн гол зорилго оршино.
 
Манай улсын эрчим хүчний үйлдвэрлэл нүүрсээр ажилладаг долоон дулааны цахилгаан станцуудаас бүрдсэн өрөөсгөл бүтэцтэй бөгөөд оргил ачааллын чадлыг гадаадад түрээсийн төлбөртэйгээр байршуулж  хэрэгцээтэй үед нь цахилгааныг импортлон авах  замаар 40-өөд жил явж ирсэн бөгөөд жилдээ 5 тэрбум орчим кВтцаг  эрчим хүчний хэрэгцээг ийм аргаар ханган  баланслуулж ирсэн байна.

Үйлдвэрлэл- тээвэрлэлт -хэрэглээ нь нэгэн агшинд зэрэг явагддаг 24 цагийн тасралтгүй ажиллагаатай хүнд үйлдвэрлэл  болох эрчим хүчний үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагааг хангахад УЦС шийдвэрлэх үүрэгтэй байдгийг олон улсын туршлага бэлхнээ нотлон харуулсаар байна.

Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлж, усан цахилгаан станцыг бариж байгуулан ашиглалтанд оруулснаар агаарын бохирдлыг арилгах болон эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг урт хугацаанд баталгаажуулах гэсэн улс орны өмнө тулгамдсан 2 том асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Эдүгээ усны эрчим хүчний ашиглагдаагүй байгаа арвин баялаг нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах хэд хэдэн шалтгаан байна. Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлт нэн ноцтой болж хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийг бууруулах үүргийг НҮБ-ийн гишүүн орон бүр авч байна.

Монгол орны хувьд энэ дулаарал дэлхийн дунджаас 3 дахин илүү байгаа нь нэн ноцтойг харуулж байгаа бөгөөд нийт нутгийн 80 хувь нь цөлжилтэд өртөөд байгаа нь уламжлалт мал аж ахуйг эрсдэлтэй болгож байхад нөгөө талаас  Улаанбаатар болон аймгийн төвүүдэд  нүүрсний утаа хэрээс хэтэрч агаарын бохирдол эрүүл ахуйн нормоос 14 дахин илүү байгаа нь Үндсэн хуулийн хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж гамшгийн хэмээнд хүрсэн байгааг олон улсын байгууллагаас тогтоож өгсөн байна.

Иймд Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн шууд бус зорилго нь дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ  оруулах явдал юм.